”Театрын өдрүүд” тун удахгүй
2015-04-07

"Театрын өдрүүд" аялан тоглолт тун удахгүй эхэлнэ. Тус театрын хамт олон энэ жил Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ  аймгуудад 2015 оны 4 дүгээр сарын 23-аас 5 дугаар сарын 3-нийг хүртэл “Театрын өдрүүд” аялан тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

 

“УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтын хөтөлбөрт театрын урын санд тоглогдож буй дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхэд залуучуудын сэдэвтэй шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэн Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг, А.Очирбат “Буруугүй буруутан” бэсрэг уянгын драмын жүжиг, Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг, С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг орон нутгийн үзэгчдийн мэлмийд өргөн барих нь ээ. 

 

Мөн Нобелын шагналт Дарио Фо “Чөлөөт хос” хайрын жүжиг, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг тус тус тоглогдох юм байна.

 

Тус театрын хамт олон төрөөс баримтлаж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр байгаа билээ.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин