ЗАХИДАЛ
2015-04-08

Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй, Их хотын эрхэмсэг иргэн, Зайсан хорооллын оршин суугч, долоон буудлын Должин эмээ, Баянхошуу, Баянзүрх  баруун зүүн  захынхан , хөдөө орон нутгийнхан , тэрбумын татвар төлөгч, таван зуун мянгын татварын өртөн, 100  саяын зээл хүсэгч, ажил хайж лааз өшиглөх залуу ... Эд бид бүгдийн түмэн салаа хүслийн агуулга санааг туйлын нэг утган доор  зангидагдах ЗАХИДАЛ  булан эхэлж байна.

 

Шударга Шууданч энэ удаад  жирийн иргэний захиаг төр  засагт хүргэж байна.  

 

Эрхэм түшээд, Төрийн гурван өндөрлөг. Засгийн газрын гишүүдийн амрыг айлтгая.

... Бүх насаараа бөгтийтлөө тариан талбай дээр ажиллаад олигтойхон хоол идэж чадахгүй, сүрлэн байшинд өвсөн дээр унтаж мөнгөө “цааш” хураасаар үхээд  өгөх Хятад тариачин шиг амьдрахыг зөвшөөрөх хүмүүс бид биш тул энэ захидлыг бичиж байна. Хөрсөн доороо баялагтай хэрнээ  “Мөнгөтэй ядууцуул” байсаар энэ насаа дуусгахыг техник технологи мэдээллийн өргөн хүрээнд  цэгцэрч байгаа бидний ухамсар яагаад ч зөвшөөрөхгүй нь ээ. Харин та нар минь өөр амьдрах юм аа. Хауз нь утаагүй эрүүл агаарт, хоол хүнс нь алсын Америкаас захиалгаар. Атгаг санаж атаархсан юм биш шүү. Өнгийн шаахай өлмийдөө углаж,  цоохор хэвнэг торго нөмрөөд Зайсан толгойгоос биднийгээ харж Виски шимэх  суух чадал буян байвал яахав дээ. Бусдын адил сайхан амьдрах эрх та бүхэнд ч бий.   

 

Энгийн л зүйл хүсэж энэ захиаг бичиж сууна даа. Бүх насаараа мөнгө хурааж шаналалгүй өдөр бүхнийхээ амьдралаа таатай орчинд, тав тухтай өнгөрүүлэх тэр боломжийг бүрдүүлж өгөхийг төр засгаасаа хүсэх байна. Энэ боломжийн нэг талыг хангасан орон сууцны 8 хувийн зээлийг авсан залуус 4000 гарчээ. Зөрүүлээд цэл залуу ид насандаа үр хүүхэдтэй болох боломжоо хаалгачихлаа. Хоёулаа тасралтгүй ажиллаж, 25 жил зүтгэж байж 3 цонхтой 80 метр талбай бүхий орон сууцтай болох хатуу заалттай гэрээ шөнө дунд нүдэнд харагдаастай. Энэ насны утга учир үр хүүхдээ төрүүлмээр. Өнөр олуулаа болмоор байх юм. Гэтэл өрөө дарахын эрхэнд эхнэр нь ажлаа завсардуулах боломж алга. Яах вэ. 

Гэхдээ төрдөө захиа бичиж хөндөх зүйл ийм явцуу сэдэв байхгүй.

 

Энэ улсыг бод гэж том ярихаа ч больё. Эх орон минь бидэнд  амьсгалах агаар хангалттай өгсөн шиг эрүүл аюулгүй орчинд хангалуун амьдрах боломжийг л бидэндээ бий болгоод өгчих.

 

 

Гэр бүлийг дэмжих багц санхүүжилт бий болгооч.  ЖДҮ-ийг дэмжих мөнгийг  эзэнд хүрдэг болгооч,  ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогоо тууштай явуулаач, тэтгэвэр халамжийг тэнэгэр хүрдэг болгооч гэж  төрөөсөө хүсч байна. Баялаг бүтээгчдэд зээл мөнгөний, татварын таатай орчныг бий болгож сэтгэл санааны урам зоригийг өдөр бүр хайрлаач. Ноднин намар амалж байсан шигээ зардлаа танаад тансаглалаа болиод төсвөө хэмнэж эцэг эхчүүдийн халаасруу илүү их мөнгө орох боломжийг бий болгоод өгөөч. Энгийн зүйл шүү дээ.

 

Овоодоо гэж та нарт баярлах үе байх юм . Даан ч дээ гэж бухимдах үе ч гарах юм. Баялаг бүтээгчдийн буянт гарыг бөхийж үнсээд татвараар дарамтлахаа больчихооч гэж заримдаа та нарыг  зандармаар санагдах юм. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн асуудлыг шийднэ гэснээ яасан гэж ундууцмаар байна. Булган дээлтэй ч тэд маань өмсөөд гарчихаж чадахгүй. гурилтай хормогчтойгоо гэртээ өнжих юм.  

 

Бизнес  хийхийн тулд бэлтэй биш юм аа гэхэд зээл авах хэрэгтэй юм байна. Энэ мөнгийг босгохын тулд гэр, орон байраа банкны барьцаанд тавихаас өөр сонголт бизнес эрхлэгчдэд  үнэндээ харагдахгүй байна. Бүх амьдарлынхаа туршид зүтгэж босгосон үл хөдлөх хөрөнгө, орон байшингаараа дэнчин тавин байж бизнес эрхэлдэг энэ явцуу зайг тэлж боломжийг нь нэмэгдүүлж өгөхийг хүсч байна.

 

Бүтээлч хариуцлагатай, буйртай үйл ажиллагаатай төр байж үүнийх нь тусгал жирийн гэр бүлд шууд тусдаг, бизнес эрхэлж амьдрах гэж зүтгэж буй иргэн бүрт дэмжлэг болж буудаг байхыг харж мэдрэхийг хүсч байна. Шудрага ёсыг хангах эрх зүйн орчин нь баталгаатай, хууль адил тэгш үйлчилдэг болчихвол ардчилсан нийгэмд байгаа таашаалыг   нэг сайхан амталмаар байна.

 

Арван хоёр оны хавар та бүхэн манайд зурагтаар зочлохдоо иймэрхүү юм ихийг амлаад байсан даа. Худалч юм уу даа. Уучлаарай түшээдээ , уурлах хэрэггүй хошигнож байна.

 

Эрхэм түшээдийн гаргаж буй шийдвэр нь иргэд биднийхээ эрх ашигт нийцсэн байх аваас та бүхэнтэй уулзан учирч, сонгуульд саналаа өгсөн бидний баяр тэр болно гэдгийг энэ захидлаараа уламжилж байна. Улс төрчид хувьдаа, гэр бүлийн бизнестээ  “цөм” ашиг хийхээ нэг удаа хойш тавьчихад л энэ улс орон босоод ирнэ дээ гэж бид өөр зуураа хүүрнэлдэж суудаг юм.

 

Иргэд бид төрөөсөө энгийн зүйл хүсдэг. Хөдөлмөрлөсөн нь сайн цалинтай, хөдөлж бизнес хийсэн нь дарамтгүй, нийгмийн халамж үйлчилгээ баталгаатай хангагдсан, Засгийн газрын үйл ажиллагаа нь нээлттэй, бүтээлч байхыг хүсч байна.  Бидний санал бодол, захидал хүсэлт хаана хүрч, түүнийг хэн яаж анхаарч байгааг ил тод мэдэж байхыг хүсч байна. Иргэдээс ирсэн санал хүсэлт бүр буцах хаягтай байдаг. Тэдний хүсэлтийг илгээх хариутай нь ил тод хэвлэдэг нийтэлдэг байсан ч болно. Төр иргэн хоёрын ийм эргэх холбоонд цаас хайран биш. Цахим сүлжээ ч бий болсон байна.

 

Үгээ хэлэхийг хүссэн хүн бүрд боломж нь нээлттэй байх ардчиллын энгийн зарчим амьдралд мөрдөгдөхийг бид хүлээсээр байна. Богино хугацааны улс төрийн ашиг сонирхлоо хойш тавьж удаан хугацааны үндэсний хэмжээний эрх ашгийг эрхэмд тооцож амалсандаа хүрсэн нэгэн 4 жилийг өнгөрөөхөд л энэ улс  өөр шатанд гараад ирнэ гэж бид санааширдаг хэвээр.  Байдлыг өөрчилж чадах “баатар” улс төрчдийг хэзээ нэгэн цагт гарч ирэхийг  хүлээх хэрэггүйг бид мэдсэн. Та бид  энэ уулзалт учралыг наашлуулж болно. Эх орноо, иргэдээ сэтгэлээсээ хайрлах тийм улс төрчдийг намаар нь бус багаар нь гаргаж ирэх хэрэгтэйг бодсон байгаа. Популист загвараар гоёсон хээнцэр залуусыг сөрж зогсох итгэлтэй, саад хорлолыг сөрж зогсох зоригтой байж чадвал нэг их зүдрэлгүй бидний дэмжлэгийг хүлээж чадна шүү гэсэн урмын үгийг Ч.Сайханбилэг сайдад  энэ захидлаар хүргэж байна. Дандаа л хөгжиж байгаа орны ангилалд багтаж, авилга өссөн судалгааг тэргүүлж, тусламж хэрэгтэй жагсаалтад дээгүүр давхиж, ДНБ –ээрээ доогуур бичигддэг ядуу орны дорой  иргэн баймааргүй байна.

 

Бид чинь ядарлаа гээд нэгнийгээ гэрийн хаяанд хонуулахгүй, задарлаа гээд андаа араас нь хутгалахгүй  ах дүүсэг амь нэгтэй хүмүүс. Шулуудвал шууд мах болгоод лавшаа хийгээд цохиод гэдэс цатгалан суугаад байх тал дүүрэн 50 сая малтай шүү дээ. Сая саяар нь ам доллар татах Оюутолгой, Тавантолгой ч байна. Тэнэгэр говьд минь биднийг тэжээгээд улсыг минь босгох эрдэнэс их бий. Ийм байхад  бид чинь тэнгэрийн энэ л хаяандаа, эгэл бор заяандаа ингээд нэг ядуухан амьдраад баймааргүй байна.  

 

 Эвийн тухай хэдэн үг.

           

Төр барихыг бизнес болгож талцаан дунд эвээ эвдэлж ирсэн хориод жилийнхээ хойморт ухаан суухыг улс  төрчдөөс хүсэх байна. Өнгөрснөө хамгаалах гэж зүтгэх ч хэрэггүй. Бид  ч төрөөс бүхнийг нэхэж, улс төрчдийн гэмээр уур цухлаа тайлдагаа больё.  Өөрсдөө ч хичээн хөдөлмөрлье.  Залхуурал задгайралдаа дүгнэлт хийе.

 

Нээлттэй бизнесийн орчин бий болгоно. Татварын дарамтыг багасгана, цалин тэтгэврийг нэмнэ гэсэн амлалтыг тэр хавар та нар манай зурагтаар гарахдаа мөн ч их ярьсандаа. Төр нь эвээ сахиж нэгэн үзүүрт сэтгэлээр явбал энэ тийм ч биелэхгүй амлалт биш дээ.

 

Хүчирхийлэлд өртөж уйл байгаа үрсийнхээ төлөө төр гараа зангидаж болно. Харин бизнес хийж татвар төлдөг баялаг бүтээгчид, үндэсний хэдэн компаниуд, эдийн засагт хөрөнгө оруулах гадныханд хатуурхаж хойд эцгийн хал үзүүлбэл  дэмий талдаа болно.

 

Хэдэн хүний ажлын байрыг  хадгалах гэж хичээж байгаа  үйлдвэрүүдээ дэмжээд тэтгэврийн хэдэн төгрөгөө сардаа хүргэх гэж мэрийж байгаа өндөр настнуудаа бодоод, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж хоолоо хасаж байгаа эцэг эхчүүдийн өрөвдөөд, 80 метр квадрат байрны төлөө хүний газарт гундаж яваа залуусаа хайрлаад, үзгээ нар зөв эргүүлж таны төлөө саналаа өгсөн иргэдийнхээ итгэлийг даагаад эвээ сахиж төрөө бэхжүүлэхийг  улс төрчид та бүхнээс хүсч байна.

 

Эдийн засгийн шийдэл дээр талцаж уралцалгүй нэг дуутай болж  нэгдэхийг тань харж та бүхнийгээ нэг удаа сайн магтмаар байх юм. Эрхэм улс төрчид та бүхнийг ирээдүйдээ өрийн дарамт үүсгэсэн хэдэн жилээ эргэн харж, эдийн засгаа нураах тоглоомын тойргоо зогсоосон шийдвэр гаргана гэж хүлээж буйгаа энэ захидлаар уламжлья.

 

Ирэх сонгуулиар “сонгохгүй” гэж та бүхнийг  айлгадгаа ч бид больё.  Элдэв юм амлаж хайр зарлаж  заавал сонгогдох гэж өөрсдийгөө зовоодгооч та нар минь больчих.

Энэ улсыг бод гэж том ярихаа ч больё. Эх орон минь бидэнд  амьсгалах агаар хангалттай өгсөн шиг эрүүл аюулгүй орчинд хангалуун амьдрах боломжийг л бидэндээ бий болгоод өгчих.

 

Сайхан бие эрүүл, санаа сэтгэл саруул, санаж сэтгээд сайн ажиллаад мөнгө олж болдог, түүгээрээ тансаг хэрэглээтэй амьдарч чадаад анд нөхөд эвийн барилдлагатай, ахуй гэр улс  минь бүтэн байвал бидэн хэдийн жаргал бус уу.

Итгэлийг нь даагаад араасаа дагуулбал хахир хүйтэнд ч халуун явж чаддаг хүрэн царайтай, цагаахан сэтгэлтэй цөөхөн хэдэн ардаа сайхан явуулдаа. Улс төрчид өө.  

 

Цаг завгүй төр түших их ажилд тань сайн сайхныг ерөөж сүү өргөсөн жирийн ард.

 

 

Шууд хүргэсэн   “ШУДАРГА ШУУДАНЧ ”

 

 

  

 

 

Shuud.mn
Сонин хачин