Монгол Улсын экс Ерөнхий сайд С.Баяр гэргий Э.Сувдын хамт АНУ-д 5 унтлагын өрөө, 5 ариун цэврийн өрөөтэй 512 ам метр талбай бүхий байшинд 2013 онд амьдарч байжээ. Тэрбээр тус улсад анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Бадамханд, Б.Хонгор, одоогийн эхнэр Э.Сувд нарт тус бүр компани байгуулан, тансаг харш бэлэглэж байсан талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр баримт дэлгэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “АНУ дахь С.Баяртай холбоотой 7 харш нийт 12 сая ам.доллар буюу 20 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй гэнэ. Түүний талаар “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-аас эрэн сурвалжилсан бололтой. Надад golomt.org хаягаас цахим хаягаар ирүүлсэн. Судлаад үзэхэд зөвхөн надад ч биш улс төр судлаач н.Ганхуягт ч энэ мэдээлэл ирсэн байна лээ. Би энэ талаар хүмүүстэй зөвлөлдөөд нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзээд мэдээлэл хийж байна” гэлээ.
Та үүнийг С.Баярын харш гэдгийг яаж мэдэж байна вэ, баримттай холбоотой зурсан түүний гарын үсэг байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад Г.Уянга гишүүн “Бохир мөнгө угааж байгаа хүн хэзээ ч өөрийнхөө гарын үсгийг зурдаггүй. Харин өөрийн төрөл төрөгсөд, ойр дотныхоороо дамжуулж бохир мөнгөө зарцуулдаг. С.Баяр АНУ-д компани байгуулан тансаг харш худалдан авах замаар бохир мөнгөө угаасан байна. Би үүнийг Оюутолгойн гэрээтэй холбон ойлгож байгаа” гэсэн юм.
Н.Энх