“Түмэн Шувуут” ХХК хүүхдийн сайн сайхны төлөө ажиллана
2015-04-09

 

Үндэсний үйлдвэрлэгч “Түмэн Шувуут” ХХК  нийгмийн харицлагын хүрээнд жил бүр сайн  үйлсийн төлөө бодитой  ажил зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус компани ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар болжээ. Хүүхдийн эмнэлэгтэй хамтран ажиллах нэг жилийн гэрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дарга, их эмч Ц.Алтантуяа, “Түмэн Шувуут” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Б.Мөнгөнтуяа нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Монголынхоо бяцхан үрс тэдний гэр бүлд эрүүл энх, аз жаргал авчрахад хувь нэмрээ оруулах, сайн үйлсийг дэлгэрүүлэх санаачлагын хүрээнд “Түмэн Шувуут” ХХК-ийн 6, 10, 12, 30 ширхэгээр савласан өндөг нэг бүрээс таван төгрөгийг хуримтлуулан ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хүүхдүүдийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад зориулах юм байна.

 

Байгуулагдаад 10 жилтэйгээ золгож буй “Түмэн Шувуут” компани өнөөдрийн байдлаар нийслэл хотын хүн амын өндөгний хэрэгцээний 25-30 хувийг дангаараа хангаж, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилготой ажиллаж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн  юм.

 

 

“Эрүүл, чанартай өндөг худалдан аваад сайн үйлсэд нэгдээрэй”

 

“Түмэн Шувуут” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Б.Мөнгөнтуяагаас  зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийх нь талаар тодруулсан юм.

 

-Хэрэглэгчид сайн үйлсэд хувь нэмрээ оруулъя гэвэл өндөг худалдан авахдаа  юуг анхаарах  вэ?

-Манай бүтээгдэхүүн 8 төрлийн савлагаатай. Манай компани өнгөрсөн сараас эх орондоо үйлдвэрлэсэн эко савлагаатайгаар бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Хэрэглэгч манай компанийн 6, 10, 12, 30 ширхэгээр савласан өндөгнөөс сонголт хийвэл нэг ширхэг тутмаас нь таван төгрөг хүүхдийн төлөө зарцуулагдах юм. Жишээ нь, хэрэглэгч 10 ширхэгээр савласан өндөг худалдан авахад 50 төгрөг Хүүхдийн эмнэлэгт очно гэсэн үг. Хамгийн гол нь хэрэглэгчиддээ эрүүл аюулгүй, уураг, амин дэмээр баялаг өндөг худалдан авч, хүүхдүүдэд туслаарай гэж уриалж байна. Манай компани нийслэлийн хэмжээнд 3000 гаруй тогтмол харилцагчтай. Хүнсний зах, дэлгүүр, супермаркетуудад худалдаалагдаж байгаа өндөгнөөс “Түмэн шувуут” компанийн өндөгийг энэхүү аянд зориулсан тусгай логогоор нь таньж болно. 

 

-Савлагаатай өндөгнүүд  өөр өөр төрөл байх  шиг байна. Төрлүүдээ танилцуулахгүй юу?

-Өнөөдрийн байдлаар гурван төрлийн том савлагаа гаргаад байна. “Сувиллын өндөг”  гэхэд хурааж авсан өдрөөс хойш 14 хоног шинэлэг байдлаа хадгалдаг. Үүнийг бид юугаар баталж болох вэ гэхээр өнгөрсөн сараас эхлэн өндөг нэг бүр дээр хурааж авсан он сарыг тамгалдаг болсон. Мөн “Өглөөний өндөг” гэдэг брэнд гаргаж байгаа. Бид өндөглөгч шувууны заалан дахь нийт өндөгүүдээсээ 65-75 граммтайг ялган авч савладаг. Стандарт өндөг 55-60 граммын жинтэй байдаг бол өглөөний өндөг 65-75 граммтай байдаг. Манай компаниас хэрэглэгчиддээ “Залуу тахианы залуу өндөг”-ийг мөн санал болгож байгаа. Дөнгөж өндөгөө хаяж байгаа залуу тахиа 45-50 грамм жинтэй өндөг гаргадаг. Энэ өндөг нь хэмжээгээр арай жижиг ч уураг, амин дэмийн агууламж өндөртэйд тооцогддог. Хэрэглэгчид маань их ам сайтай байна лээ.

 

 

 

“Хүүхдийн төлөөх энэ ажил сайн үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна”

 

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эмнэлгийн дарга, их эмч Ц.Алтантуяатай цөөн хором  ярилцлаа.

 

-Түмэн шувуут компанийн нэг ширхэг өндөг тутмаас таван төгрөг хүүхдүүдэд зориулагдахаар боллоо. Энэ мөнгийг аль чиглэлд зарцуулах вэ?

-Үндэсний үйлдвэрлэгч компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө ашгийнхаа тодорхой хувийг зарцуулахаар болсонд талархаж байна. Хамтран ажиллах хугацаанд төвлөрсөн орлого манай эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, эмчлүүлж байгаа хүүхдүүдэд  шууд очих юм. Яаралтай үед хэрэг болдог жижиг багаж хэрэгсэл, эм зэрэгт зарцуулагдана. Бид гэрээндээ тодорхой нөхцөл зааж харилцан тохиролцсон байгаа. Бүтэн жилийн дараа бидний ажил ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь харагдана. Миний хувьд энэ сайхан үйл ажиллагаа цаашдаа улам өргөжинө гэж итгэж байна. Нөгөө талаар хүүхдэд чиглэсэн энэ ажил сайн үр дүн өгнө гэж бодож байна.

 

-Хүүхдийн эмнэлгээр жилдээ хэдэн хүүхэд эмчлүүлж байна вэ?

-Жилдээ 17 мянга гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлдэг бол 120 мянган хүүхэд амбулаторын тусламж үйлчилгээ авдаг. Хүнд, хөнгөн бүх төрлийн мэс засал жилдээ 8000  хийгддэг. Үүнээс 35 орчим хувь нь төлөвлөгөөт үлдсэн нь яаралтай мэс засал байдаг. Нийт хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүдийн 30 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирсэн хүнд өвчтэй хүүхдүүд байна.

 

С.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Залуу тахианы залуу уурагт өндөг гэснийг Залуу тахианы уурагт өндөг гэмээр юм.
2016-05-10