Толгой шилжүүлэн суулгах мэс засал хийнэ

Оросын программ зохиогч 30 настай Валерий Спиридонов сүүлийн 10 гаруй жил нуруу, нугасны өвчнөөр шаналж байгаа юм. Түүний биеийн байдал 2010 оны эхээр эрс муудсан билээ. Валерий Спиридоновийн тархи хэвийн ажиллаж байгаа ч бүх бие нь ямар ч ажиллагаагүй болсон юм. Тэгвэл түүний өвчний түүхийг 2008 оноос судалсан Италийн эмч Сержио Канавера түүхэндээ анх удаагаа толгой шилжүүлэх мэс засал хийхээр болж, түүнээс зөвшөөрөл авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэхүү мэс засал олон нийтийн анхаарлыг татаад байгаа бөгөөд хүмүүс амжилттай болох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Эмч “Толгой, нугас шилжүүлэн суулгах мэс заслын гол туршилт нь Валерий Спиридонов болно. Донорын бүх эрхтэн эрүүл, гэхдээ тархины хорт хавдраар нас барсан 25-35 орчмын настай эрэгтэй байх болно” гэж хэлжээ.
Эрдэмтдийн тооцоолсноор энэ мэс засал 36 цаг үргэлжлэх бөгөөд 7.5 сая фунт стерлинг зарцуулах юм байна. Мэс засал хийгдэх хугацаа нь ирэх оны аравдугаар сарын 21-нд Италийн Ром хотын төв эмнэлэгт болох гэнэ. Эмч мэс засал хийлгэх өдрийг хүртэл Валерий Спиридоновыг хяналтандаа авч, эмчилгээ хийхээр болжээ.
Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг 2009 онд сармагчин дээр туршиж байжээ. Гэхдээ найман хоногийн дараа сармагчин үхсэн байна.
Америкийн тархины мэс заслын хобооны тэргүүн Хант Блатьер “CNN” агентлагт “Энэ мэс засал амжилттай болно гэдэгт итгэлгүй байна. Мэс заслын дараа залуу амиа ч алдаж магадгүй. Энэ хамгийн эрсдэлтэй мэс засал. Мэс засал амжилттай болсон ч Валерий Спиридонов робот эсвэл утсан хүүхэлдэй шиг харагдах болно” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ