Жуулчдын хөлөг дээр гал гарчээ
2015-04-09

 

Тайландын “Ao Nang Princess” гэх жуулчдын хөлөг дээр гал гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөлөгт нийтдээ 10 гаруй орны 115 жуулчин зорчиж явжээ. Гал гарах үед жуулчид болон хөлгийн багийнхан амьд үлдэхийн тулд ус руу үсэрч, аврагчдыг ирэх хүртэл хүнд байдалд байсан гэнэ. Ослын дараа Израйлийн иргэн 12 настай охин сураггүй болжээ. Аврагчид сураггүй алга болсон охиныг хайж эхэлжээ. Мөн шатсан хөлгийг далайгаас гаргах ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Жуулчид “Хөлгийн угаалгын өрөөнөөс эхэлж гал гарсан. Гал удалгүй цахилгааны утсанд хүрч, дэлбэрэлт болсон. Бид амьд үлдэхийн тулд далай руу үсэрсэн. Ахмад ослын дуудлага өгсөн, аврагчид ослын газар 12 минутын дараа ирсэн” гэж ярьцгаажээ. Гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Урьдчилсан байдлаар “Санаатайгаар үйлдсэн хэрэг байж болзошгүй” гэж цагдаагийн газраас мэдээлэв. Хөлөг бүхэлдээ галд автаж, дахин ашиглагдах боломжгүй болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин