“Түрээсийн байр”-ыг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ
2015-04-09

Гэрэл зургийг MPA.MN 

 

Энэ удаагийн “Сайдын цаг”-аар БХБ-ын сайд Д.Цогтбаатар оролцож, мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр: -Барилга хот байгуулалтын салбарт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хэрэгжүүлэхээр зорьж байна. Салбарын хөдөлмөр хамгаалал, стандартыг шинэчилнэ. Барилга байгуулалт, хотшилтийн  хүрээнд норм, стандартыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр орон сууц хороондын норм стандарт хэрэгжихгүй байна. Хот тохижилтын асуудалтай холбоотой автозогсоолын хуулийг хэлэлцсэн. Тун удахгүй УИХ-аар өргөн барьж хэлэлцүүлнэ. Автозогсоол дутагдалтайгаас машин ачих асуудал гарч байна. Үүнийг хуулиар зохицуулагдана.  Мөн Хотын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ хууль батлагдан хэрэгжсэнээр агаарын бохирдол багасна гэж үзэж байгаа гэлээ.

 

 

Тусгай зөвшөөрөл дамладгийг зогсооно

 

Барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг 5-10 жил болгож, хугацааг нь сунгахаар болжээ.  Олон жил, чанартай барилга барьж, гүйцэтгэж байгаа компани 3 жил болоод л эрх мэдэлтнүүдийн үүдэнд ирж, дугаарлаж, зөвшөөрлөө сунгуулах гээд байдаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн байна.  Нөгөө талаар тусгай зөвшөөрлийг наймаалж, худалдаж байгаа хууль бус  үйл ажиллагааг илчлэх аж. Барилгын зөвшөөрөлтэй компанийг зарж мөнгө угаадаг хууль бус бизнес газар авчээ. Уг нь барилгын тусгай  зөвшөөрлийг авахад үнэгүй байдаг аж.  Гэтэл хэн нэг барилга барих гэсэн эрхэм  барилгын тусгай зөвшөөрөл авах гээд дугаарлаад авч чадахгүй байхад барилга барихгүй нэгэн зөвшөөрөл авчихаад мөнгө угааж, зардаг байна. Барилга барих гэж байгаа хүнд зөвшөөрөл нь олддоггүй, тусгай зөвшөөрлийг зарах гэсэн хүнд олддог тогтолцоог өөрчлөх ёстой гэж салбарын сайд онцоллоо. Хэрвээ барилгын зөвшөөрөлтэй компани зарагдсан тохиолдолд зөвшөөрөл өгсөн хуулийн этгээдэд мэдэгдэж байхаар хуулинд өөрчлөлт оруулах аж.

 

 

ТОСК-иар дамжуулж түрээсийн орон сууцыг олгоно

 

Аль ч оронд орон сууц худалдан авах биш түрээслэх иргэд дийлэнх нь байдаг. Мөн Нийгмийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулахаар болжээ. НДС, Тэтгэврийн санд бүрэлдсэн байгаа мөнгөний тодорхой хэсэг дээр бонд гаргах аж. Уг бондын мөнгөөр оронсууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Энэ нь барилгын санхүүжилтийн салбарт гарч байгаа цоо шинэ эргэлт гэдгийг салбарын сайд онцоллоо.

 

Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд тодорхой  хэмжээний орон сууцыг барих санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд Өмнөд Солонгосын Засгийн газартай хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьсан байна.

 

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хэрэгжүүлэх хүрээнд ТОСК-ийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Тухайлбал, түрээсийн орон сууц  ТОСК-иар дамжин хэрэгжих юм. Нөгөө талаас зах зээл дээр байгаа хямд орон сууцыг ТОСК худалдан авах боломжийг бүрдүүлэх гэнэ. Ингэснээр барилгын компаниудын хувь ТОСК өрсөлдөгч биш баригдсан бүтээгдэхүүнийг нь худалдан аваад зах зээлийн эргэлтэд илүү хурдан оруулах боломжтой аж ахуйн нэгж болох гэнэ.

 

Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн салбарт татах аж. Үл хөдлөх хөрөнгийн салбарын боломж ба хөрөнгө оруулах нөхцөл байдлын талаар танилцуулгыг Эдийн засгийн форумын үеэр хэлэлцжээ.  Ирээдүйд хамгийн боломжтой хөгжих салбар нь үл хөдлөх хөрөнгө гэдгийг сайд онцолж, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчилж эхэлжээ.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар тодорхой арга хэмжээ авч байгаа гэнэ. Хөдөө орон нутагт сумын төвийн төслийн хүрээнд НҮБ-ын хөтөлбөрийн санхүүжилтээр  8 аймагт тодорхой бүтээн байгуулалтыг хийжээ. Бага хөрөнгөөр хүнд хүрсэн ажлыг хэрхэн хийж болох вэ гэдгийг тодорхой жишээн дээр хийж хэрэгжүүлсэн байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин