Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэлэлцэхийг дэмжив
2015-04-09

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэхийг шийдэв.

 

Хуулийн төслийг боловсруулахдаа, Үндэсний хөгжлийн урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулахдаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод болон улс төрийн намуудын оролцоог хангасан байхаар заажээ. Мөн улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад чиглүүлэн боловсруулдаг байхаар тусгасан байна. Хөгжлийн бодлогын баримт бичиг нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдан төсөв санхүүгийн эх үүсвэртэйгээ уялдсанаар хэрэгждэг байх аж. Гишүүд хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байлаа. Наанадаж хувийн хэвшлээ дэмжих асуудлыг тусгаагүй  байна гэж гишүүн Ч.Хүрэлбаатар хэлсэн бол гишүүн С.Одонтуяа “хөгжлийн бодлогыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд хоорондоо  хэлэлцэн нэгдсэн ойлголтод хүрвэл ямар вэ. Нэгдмэл алсын хараатай болцгооё” гэдэг саналыг гаргаж байлаа.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Хөгжлийн бодлого төлөвлөлт гээд энэ хуулийн төслийн нэрийг бодохоор дэмжихээс өөр аргагүй. Хамгийн гол нь хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангаж өгөөч.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Бид УИХ-аар олон чухал хуулийг хэлэлцэж гаргадаг. Өнөөдөр байдлыг харахад УИХ-аар бодлогын баримт бичгүүдээ дураараа өөрчилдөг болохыг зогсоох хэрэгтэй. Хэн дуртай нь “чөтгөрийн тойрог”- руугаа явж байна. Бодлого төлөвлөлтийн хууль чухал. Бүх зүйл болохгүй байна гэдэг социалист үед бүх зүйл төлөвлөгөөтэй байсан. Бидэнд хууль гаргаад хэрэгжүүлэх асуудал л байна. Хөгжлийн холбоотой баримт бичиг бидэнд багадаагүй. Хөгжлийн холбогдолтой 443 бичиг баримт байна гэнэ.

 

Гишүүд ийнхүү асуулт тавьж, саналаа хэлсний дараа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад олонх нь дэмжив.

 

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин