Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах албан хаагчдыг сонгох журам батална
2015-04-10

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үүнд:
  • Улаанбаатар хотын үерийн эрсдлийн нөхцөл байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журмын төсөл
  • “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр”-ийн төсөл
  • Журам шинэчлэн батлах тухай / Эмч, эмнэлгийн байгуллага, ажилтнуудад урамшуулал олгох тухай / асуудлыг хэлэлцлээ.

 

“Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” батална
 

Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.
“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” –ын төслийг боловсруулан танилцууллаа. Ажил олгогчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахаар хүсэлт гаргасан албан хаагчдыг сонгон шалгаруулахад баримтлах журмыг нийтлэг шаардлага, зарчмын дагуу тухайн байгууллагын онцлог, ажилтан, албан хаагчдын хүсэл сонирхлыг тусган нийт ажилчдаараа хэлэлцэн батлах юм.  


Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:
  • Нийслэлийн харъяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  • Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
  • Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-аас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх
  •  
Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журмын төсөлд тусгажээ.
Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” –ыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар боллоо.
 

 
Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлнэ
 

Хуралдаанд “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр”-ийн төслийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа.


Тус хөтөлбөр нь Гэр оронгүй тэнэмэл амьдралаар амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулан амьдралын чанарыг нь сайжруулах, иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх юм. 2010 онд явагдсан Хүн ам, орон сууцны тооллогоор 1016 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа тоо гарсан бол 2014 онд нийслэлийн Нийгмийн халамж Үйлчилгээний газраас явуулсан судалгаагаар 2789 иргэн тоологдсон нь 4 жилийн хугацаанд шинээр 1773 иргэн орон гэргүй тэнэмэл амьдралд шилжжээ. Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас өнгөрсөн оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 23-ны өдрүүдэд 2789 гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлсэн байна. Эдгээр иргэдийн 77.8 хувь нь эрэгтэй, 22.1 эмэгтэйчүүд байгаагаас 3.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 82.7 хувь нь хөдөлмөрийн насны иргэн, 6.5 хувийг ахмад настан тус тус эзэлж байгаа юм.


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дээрх журмыг дахин шинэчлэн танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.

 
Нийслэлийн тэргүүний тохижилттой төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага, шилдэг ажилтан шалгаруулна
 

Хуралдаанд Эмч эмнэлгийн байгууллага, ажилтнуудад урамшуулал олгох журам шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцуулав.


Уг журам нь нийслэд үйл ажиллагаа явуулж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт, тохижилт үйлчилгээг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжлийн ур чадвар, ажлын харицлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Шинэ журмын төсөлд Тэргүүний тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулах болзол шалгуурыг  Гадаад орчны тохижилт, дотоод орчны тохижилт, үйлчилгээний соёл, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, арга, аргачлал гэсэн үзүүлэлтээр дүгнэх юм.


Шалгаруулалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит бүх эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, тэдгээрт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд хамрагдах боломжтой.


Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд тэргүүний тохижилт, үйлчилгээтэй төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн шилдэг ажилтанг шалгаруулж, урамшуулал олгох ажлыг зохион байгуулалттай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин