Ойн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2015-04-10

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.10/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

 

Хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор 1, 2 дугаар байрыг хуваан эзлэх болж, 2009-2011 онд нийтдээ 4000 орчим хууль бус мод бэлтгэх үйлдэл бүртгэгдсэн нь байгаль орчны эсрэг гэмт хэргийн бараг 70 хувь болжээ.

 

Хууль бус мод бэлтгэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэлийг алдагдуулж буй аж.

 

Эрх зүй шинэтгэлийн хүрээнд байгаль орчны багц хууль 2012 онд шинэчлэн батлагдаж, Ойн тухай хуульд орон нутагт ойн ангийн бүтэц бий болж эерэг үр дүн гарч зарим тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч хүний шууд үйл ажиллагаатай холбоотой хууль бус мод бэлтгэл шаардлагын хэмжээнд хүртэл буурахгүй, зарим нэг харилцааг зохицуулсан зохицуулалт үгүйлэгдэж, эрх зүйн давхардал хийдэл, зөрчил бий болгожээ.

 

Мод бэлтгэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа орон нутагт явагддаг байтал, хяналт тавих, зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд ажилдаа хайнга ханддагаас хууль бус үйл ажиллагаа газар дээрээ таслан зогсоогдохгүй, Улаанбаатар хотод орж ирсэн хойноо зөрчил илэрдэг байна.

 

Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу төсөвт хамаарах бүх гүйлгээг төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэдэг болсноор байгаль орчинд учирсан нөхөн төлбөр болон торгууль нь орон нутгийн төсвийн давсан орлогод тооцогдож, орон нутгийн төрийн санд ордог тул Засаг дарга тухай бүрт нь урамшууллын мөнгийг гарган олгох эрх зүйн боломж байхгүй байгаа аж.

 

Байгаль орчныг хамгаалах тухай болон Ойн тухай хуулиар зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэн, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийг урамшуулах зохицуулалт байгаа хэдий ч энэ ажилд шууд хамаарах “хууль сахиулагч”, “сайн дурын бүлэг”- мэдээлэл өгсөн иргэн хүмүүсийг нэмж оруулах саналыг иргэд байгууллагаас ирүүлж байгааг зөв санал гэж үзэн сайн дурын бүлгийг иргэн хүн зөрчлийн талаарх мэдээллийг өгдөг гэдэг утгаараа хуулийн төсөлд иргэн гэдгээр оруулсан хэмээн сайд мэдээлсэн.

 

Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, заавал хохирол шаарддаг гэмт хэрэг бөгөөд хэрэг бүр тодорхой хэмжээгээр хохирлыг тооцуулах, экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоож байж тухайн хэрэг нь захиргааны эсвэл гэмт хэрэг болох эсэхийг шийдвэрлэдэг аж.

 

Иймд олон нийтийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хяналтын тогтолцоог бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох замаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар зарлигийг хэрэгжүүлэх үүднээс Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, хуулийн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.

 

Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.

 

Гишүүд монгол орны ойн нөөц ямар хэмжээтэй байгаад хэрхэн буурсан, ойн хэдэн хувь нь хөгширсөн, нөхөн сэргээх, ойн хамгийн том дайсан хортон шавьжтай тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байгааг тодруулж байлаа. Ажлын хэсгээс тайлбарласнаар, манай орны ойн санд эзлэх газрын хэмжээ нийт газар нутгийн 12 хувийг эзэлж байснаа 11.79 болж буурсан бол ойгоор бүрхэгдсэн газрын хэмжээ нийт газар нутгийн 8.03 хувийг эзэлдэг байсан бол 7.78 болж буураад байгаа аж. Монгол Улсын ойн сангийн 78 хувь нь хөгширсөн бөгөөд ойн нөхөн сэргээлтийг байгалиараа сэргэн ургахыг дэмжихээс гадна нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж буй юм байна. Ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахад төсөв санхүүжилт дутагдалтай байгаа учир олон улсын байгууллагуудад хандсанаар хоёр төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ. Ирэх жил хортон шавьжны их өсөлтийн жил болох учир 2.5-3 тэрбум төгрөг зарцуулан эхний ээлжинд Завхан, Хөвсгөл, Булган аймагт 150 мянган га ойд хортон шавьжнаас хамгаалах хор цацахаар төлөвлөжээ.

 

УИХ-ын гишүүн Л.Цог, Ж.Батзандан нар модыг хулгайлсан хойно нь хулгайчтай тэмцэх үү, мод хууль бусаар бэлтгэхтэй тэмцэх үү гэдгийг бодож үзэх нь зүйтэй хэмээж байлаа. Сайд Д.Оюунхорол, 1990 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлох явцад их хэмжээний ойг сүйтгэсэн хэмээгээд урт нэртэй хууль, урт нэртэй хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал олборлох явцад үгүй хийсэн нэг модны оронд 10 мод тарих, олборлолт эхлэхээс өмнө нөхөн сэргээх зардлаа 100 хувь санд байршуулах зэргийг хуульчилсан нь байгаль орчныг нөхөн сэргээхэд ихээхэн чухал шийдвэр болсон гэлээ. Эрхэм гишүүд хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүстэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг урамшуулахаар хуулийн төсөлд тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлээд мэдээлэл өгсөн гэрчийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, байгаль хамгаалах үйл ажиллагааг уул уурхайн нөхөн сэргээлттэй уялдуулах зэрэг асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин