Төрөөр 20 хувиа даалгах алтан боломж хэнд ногдох вэ
2015-04-13

 

Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор шийдлийн Засгийн газар гарц хайн ажиллаж байна. Оюутолгой, Тавантолгойн стратегийн ордын төсөлд хэлэлцээрийг амжилттай хийж, эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах гарцаа олчихсон шийдлийн Засгийнханд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг нь төр батлан даах дээрх асуудалд толгой гашилгаад байх асуудалгүй биз. Зах зээл дээр нийт 30 гаруй мянган орон сууцны илүүдэл нийлүүлэлт байгаа гэх. Харин энэ илүүдэл нийлүүлэлтийн үед зах зээлийн жамаараа барилгын компаниуд ханшаа буулгаад явж яагаад болохгүй гэж. Нэгэнтээ орон сууцны ам.метр нь 750 мянган төгрөгийн өртгөөр босч байгааг наад захын барилгачин байтугай төрийн албан хаагч ч хэлж байна. Яагаад гэвэл төр өөрөө иргэдээ орон сууцжуулах бодлого хэрэгжүүлж байгаа болохоор бизнесийнхний аманд багтаад байхааргүй болсон.

 

Уг нь ч нийслэл хотод нэг үе бодвол хаа сайгүй орон сууцны шинэ хороолол баригдаж, бүтээн байгуулалт өрнөсөөр байгаа. Тиймээс ч салбарын яамны зүгээс барилга барих тусгай зөвшөөрлийг дамлан худалддаг наймааг зогсоох арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Барилга барих тусгай зөвшөөрөл авчихаад түүнийгээ цааш нь дамлан худалддаг бизнесийг дахин дэлгэрүүлэхгүй байх гэдгээ салбарын сайд мэдэгдэж байна лээ. Энэ нь барилга барих компани газрын наймаачнаас газраа, тусгай зөвшөөрлийг хэн нэг этгээдээс өндөр үнэ өртгөөр худалдан авдаг байна. Ингээд эцсийн бүтээгдэхүүн болох орон сууц хэрэглэгчиддээ хүрэхдээ материал, хөдөлмөрийн зардал дээр газар, тусгай зөвшөөрлийн өртгийн  бонустай хүрч, үнэ нь хөөсөрсөн хэрэг.

 

Уг нь барилга барих, газрын тусгай зөвшөөрөл аль аль нь үнэ төлбөргүй, асуудал хариуцсан албан тушаалтны газрын үсэг зурсан төдийгээр шийдэгдэх зүйл. Харин манай хууль гууль болж, бизнесийнхнийг төрд албан тушаал хашиж байгаа эрхмүүд мөнгөний урсгал гэж ханддагаас угшилтай.

 

Тун удахгүй шийдвэрлэгдэх Ипотекийн зээлийн 20 хувийг төр батлах даахад мэдээж хэн нэг албан тушаалтан хариуцана. Танд орон сууцны 10 хувийн урьдчилгаа төлбөр байлаа ч 20 хувиа төрөөр батлан даалгахын тулд хамаатан садан, танил талаараа 20 хувийн батлан даалт гаргах эрхийг олгож байгаа эрхэмд дамжуулж үг дайх хэрэг гарна. Түүнээс гадна 20 хувийн батлан даалт гарах эрхэм эхлээд өөрийн болоод эргэн тойрны эрх мэдэлтнүүдийнхээ танил тал, хамаатан саданд 20 хувийн батлан даалтыг үзэглэх биз. Харин үлдэх хувь дээр нь олон нийтийг дугаарлуулна.

 

Нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төр засаг 10 хувийн урьдчилгаатай хүн бүрт 20 хувийн батлан даалт гаргаж өгөөд байж чадахгүй. Магадгүй төр, засгийн шийдвэр нь 20 хүртэл хувийг батлан даана гээд гарахыг ч үгүйсгэхгүй. Чингис бондын үлдэгдэл ердөө 2.9 их наяд төгрөг байгаа гэсэн.

 

Түүнээс гадна  зах зээлд илүүдэл болоод байгаа барилгуудын дийлэнх нь 80 дээш ам метртэй орон сууцнууд. Өнөөдөр үйлчилж байгаа ипотекийн зээлийн босгын шаардлага хангаагүй, бага, дунд орлоготой бус боломжийн амьжиргаатай өрхөд зориулагдсан орон сууцнууд гэх үү дээ.

 

Ипотекийн зээлийн шалгуурт орж байгаа бас нэг өөрчлөлт нь “80 ам метр доторх” гэсэн босгыг халж, орон сууцны талбайг чөлөөлсөн. Энэ нь одоо үйлчилж байгаа шалгуурт хамрагдаагүй, амьжиргааны төвшин дээгүүр бүлгийнхэн ч ипотекийн зээлд хамрагдаж, нэг орон сууцаа хоёр, гурав болгон үл хөдлөх хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа хэрэг.

 

Нөгөөтэйгүүр бага, дунд орлоготой иргэд өөрчлөгдсөн журмаар орон сууцанд орох боломж тун бүүдгэр. Наад зах нь 20 хувиа төрөөр батлах даалгах шалгуурыг давлаа гэхэд өрхийн орлого банкны шалгуурт тэнцэхгүй бүдрэх нь энүүхэнд.

 

Ингээд л төрөөр 20 хувийг батлан даалгаж, хүссэн талбайгаараа орон сууц худалдан авч, үл хөдлөх хөрөнгөө тэлэх алтан боломж гагцхүү амьжиргааны дээгүүр айл өрхүүдэд л ногдохоор байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tegheer naad hyyli chin nogoo baychyyd l taarsan hyyl yum bizdee
2015-04-14