Дэлбэрэлтийн үеэр 14 хүн амиа алдав
2015-04-13

 

Египетийн Синайн хойг Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэл халдлага үйлдэж, гурван давхар барилга дэлбэлсний улмаас 14 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн зургаа нь цагдаагийн ажилтан байжээ. Мөн 45 хүн гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлт болсон барилга нь цагдаагийн байр байжээ. Хэт даврагчид барилгын үүдэнд дараалласан бөмбөг дэлбэлжээ. Халдлагын дараа цагдаа, хүчнийхэн барилгын ойр орчмыг хяналтадаа авч, хөл хорио тогтоосон байна.  Энэхүү халдлагаас хоёр цагийн дараа Синайн хотын төвд тэсрэх бөмбөгтэй суудлын машин дэлбэрч, 11 хүн гэмтжээ.

 

Ерөнхийлөгч Абуль Фаттах аль Сиси халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Египетийн ард түмэнг заналхийлсэн бүхэн хариугаа авах болно. Бидний явуулж буй цэргийн ажиллагаа өнөөдрөөс эхэлж, эрчимжихийг сануулж байна” гэж хэлжээ.

 

Египет өнгөрсөн оны сүүлээр Иракт цохилт өгч буй холбоотон орнуудад нэгдэж, өнгөрсөн сарын 11-нээс агаараас цохилт өгсөн билээ. Энэ оны эхээр хэт даврагчид Синайн хойг руу халдаж, 24 хүний аминд хүрсэн билээ. Хэт даврагчдын үйлдэл хяналтаас гарч буйтай холбогдуулан тус улсын удирдлагууд нийслэл болон томоохон мужуудад зэвсэгтэй цагдаа нарыг хамгаалалтад гаргасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин