Казиногийн асуудалд гоомой хандаж болохгүй

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал өндөрлөж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бү лгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэсэн байна. Казиногийн хуулийн төслийг хэлэлцээд чамбай боловсруулагдаагүй, дутуу дулимаг болжээ гэх дүгнэлтэд хүрсэн байна. Тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Казиног байгуулснаар эдийн засаг сайжирна гэвэл тун гоомой хэрэг болно. Эрдслээ зөв тооцож, байршил, дунд урт хугацаанд ажиллуулж, ашгаа өгөх талыг бодолцох хэрэгтэй. Тийм учраас энэ асуудлаар дахин ярилцана гэсэн байр суурьт хүрсэн” гэлээ.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд уул уурхайн компаниудын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулсан татварын орлогынх нь 50-33 хүртэл хувийг орон нутагт нь үлдээх Засгийн газрын бодлогыг дэмжих боломжгүй гэх шийдвэр гаргсан байна. Энэ асуудлыг нэгдсэн бодлогоор зангидаж явахгүй бол орон нутаг бүр орлогын хөөнөөс хөөцөлдсөнөөс эргээд байгаль орчин сүйтгэгдэх, малчид бэлчээргүй болж зөрчил үүсэх магадлалтай тул энэ асуудалд ухралт хийж болохгүй гэж үзжээ.
Түүнчлэн эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийнхний гадаад зах зээлээс авсан өрийг улсын өрөнд хамруулахгүй байх нь өрийн босго болоод бусад зүйлстэй нийцэхгүй гэж үзжээ. Харин 1995 оноос хойш Нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй малчдыг даатгалд бүрэн хамруулж тэтгэвэр тогтоолгох боломжийг нь бий болгох хуулийн төслийг дэмжсэн байна.
Тус бүлгийнхэн Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудыг энэ сарын сүүлээр багтаан хэлэлцэх санал гаргасан байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ