Улаанбаатар
Киргиз улстай хамтран ажиллана
2015-4-13

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд хатагтай Канайым Бактыгуловаг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орны найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж буйг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан нь хамтын ажиллагааны эхлэл, үндэс суурийг тавьж өгсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

 

Цаашид хоёр тал Санамж бичигт тусгагдсан мал эмнэлэг, мал аж ахуй, бэлчээрийн менежмент, бэлчээрийн хууль, үр үржүүлэг, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, усалгаатай тариалан, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэрэг ажлуудыг ажил хэрэг болгоход анхаарал хандуулан ажиллахаар тохиролцов.

     

Түүнчлэн өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хурлаар тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр орны хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн дунд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой ач холбогдол өгөхөөр болов.

 

Хатагтай Канайым Бактыгулова хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Украйны хямралтай холбогдуулан ОХУ-аас Европын Холбоонд тавьсан хоригийг давуу тал болгон ашиглаж,  Засгийн газар хоорондын комиссын хурлын протоколд тусгагдсан Киргизийн газар нутагт чихрийн манжин тариалах, хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг нэн яаралтай ажил хэрэг болгох хүсэлтээ байгаагаа илэрхийлэв.

 

Уулзалтын төгсгөлд ХХАА-н сайд Р.Бурмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бэлчээрийн мал аж ахуйтай орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын анхдугаар чуулга уулзалтанд  Киргиз Улсын Хөдөө аж ахуйн сайдыг урьж буйг уламжилж өгөхийг хүссэн юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин