“НЭГ Монгол”-ын хэрэгжилтийн явцыг танилцууллаа
2015-04-13

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр  нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах ажиллагаанд оролцлоо.

 

Шинэ зуунд хүн төрөлхтөний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо чиглүүлж байна. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас энэ чиглэлд үе шаттай олон ажил хэрэгжүүлдэг. Тус яамны захиалгаар “Нээлттэй мэдлэг” боловсролын сан дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалтын арга хэлбэр болох АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын видео хичээлийг монгол хэлнээ орчуулан бэлтгэсэн бөгөөд “НЭГ Академи” хэмээх тус төслийнхөө үр дүнг өнөөдөр танилцуулсан юм.

 

УИХ-ын дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч бол боловсрол, мэдлэг, чадвартай монгол хүн хэмээн онцлоод “Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Эдийн засгийн чуулган дээр “монгол хүний хөдөлмөрийн бүтээмж өдөрт 5 ам. доллар байна, харин энэ үзүүлэлт дэлхийн дундажаар 50-60 ам.долларт хүрсэн  байна” гэж хэлж байсан. Үүнээс бид дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн түвшний цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин нэмэх шаардлагатайг харж болно.

 

Бүтээмжээ нэмэгдүүлэх арга бол бид нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгох юм. 3 сая иргэнд тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангах юм. Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч-дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь “Нээлттэй мэдлэг, боловсролын санаачлага”-ууд юм” гэлээ. Мөн тэрээр, сургалтын системд байгаа мэдлэгийг суралцахыг хүссэн хүн бүр хүртэх боломжтой нээлттэй байхыг дэмжих нь монголын төрийн бодлогын тэргүүлэх хэсэг байх бөгөөд УИХ энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч, цаашид улам эрчимжүүлэхэд тууштай дэмжих зорилго тавьж байгааг тэмдэглэн хэлэв.

 

Тус арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ, орчин үеийн техник, технологийн дэвшлээс сургалтын арга хэлбэрийг ангид авч үзэх аргагүй. Тийм ч учраас Монгол Улсын боловсролын системд цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэн ашиглаж байна. 2014 онд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдад байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим лаборатори бүтээж, нээлттэй эх үүсвэр болгосон. Энэ бол “НЭГ Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын нэг. Энэ удаад Хан Академийн 500 видео хичээлийг орчуулан, олон нийтэд хүргэж байгаа бол 2015 оноос онлайн сургалтын системийг монгол хэлээр бүрэн ашиглах, виртуаль ангид суралцах боломжийг бүрдүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ гэлээ.

 

Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Батцэрэг,  С.Бямбацогт нар оролцов. Энэ үеэр тус төслийн үйл ажиллагаанд санаачилга гарган оролцсон зарим хүнд шагнал гардуулсан юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин