Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг өргөн барилаа
2015-4-14

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.14/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

 

 

2004 онд Монгол Улсын Их Хурлаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталсан ч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ. Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчгүй, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага,  судлаачид анхааруулдаг байна.

 

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, эмэгтэйчүүдээс бүрдсэн мэргэжлийн баг бүрдүүлж шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх  шаардлагын дагуу Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/63 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг   хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Тус төслийг боловсруулахдаа  олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын 2005-2013 оны хооронд хийсэн 20 гаруй судалгааны материал, дүн шинжилгээг ашигласан болохыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

 

Тус хуулийн төсөл нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох зорилттой бөгөөд 6 бүлэг 42 зүйлтэй болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин