Ц.Эрдэнэбилэг үүрэгт ажлаа хүлээн авлаа
2015-04-14

ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Эрдэнэбилэг өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын Зохион байгуулалтын газрын дарга Л.Оюунчимэг, Зам, тээвэр хариуцсан ахлах референт Н.Мөнхбат нар түүнд ИНЕГ-ын даргын тамгыг гардуулж, ажлыг нь хүлээлгэн өгсөн байна.

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр “Ажил үүргээ тодорхой мэдэх хүн учраас халаа сэлгээ хийж, ажил цалгардуулахгүй байх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Нисэхийн салбарын хамгийн чухал зүйл болох нисэхийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах юм. Төрийн ажлын чиг шугам, зарчмыг хатуу баримтлан ажиллаж, хамт олонтойгоо энэ салбарыг авч явах том ачааг үүрүүллээ гэж ойлгож байна. Засгийн газрын хуралдаанаар баталсан бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбогдох яам тамгын газар, мэргэжлийн хүмүүстэйгээ сайн зөвлөлдөж, энэ ажлыг нэр төртэй гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.

 

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэнчимэдийн Эрдэнэбилэг нь 1968 онд Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. 1985 онд Нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-ын Киев хотын Иргэний агаарын тээврийн инженерийн дээд сургуулийг агаарын тээврийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр цолтой.  АНУ, Сингапур, ОХУ-д мэргэшлийн сургалтад хамрагдсан. Орос, англи хэлтэй. Булган аймаг дахь агаарын тээврийн салбараас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр МИАТ компани, ИНЕГ-т санхүү, эдийн засгийн чиглэлээр олон жил ажилласан. 2005 онд ИНЕГ-т Агаарын тээврийн эдийн засгийн газар байгуулагдахад анхны даргаар нь ажиллаж байсан. МИАТ компани зуны оргил ачааллын үеэр том онгоцгүй болж, гаднаас өндөр үнээр онгоц түрээслэхээс эхлээд манай улс өөрийн хөрөнгөөр анхны “Боинг” онгоц худалдаж авах гэрээ хэлцэл хийхэд голлон оролцож байсан. Аймгийн нисэх буудлын эдийн засагчаас авахуулаад УИХ-аас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг”-ийн ТЭЗҮ-г боловсруулахад оролцож байсан. Иргэний нисэхийн салбарын чадварлаг боловсон хүчнүүдийн нэг аж.

 

Ц.Эрдэнэбилэг ИНЕГ-ын даргын тамгыг гардаж авах үеэр “Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч гараа хумхиад зүгээр суухгүй. Нисэхийн аюулгүй ажиллагааны тал дээр онцгой анхаарч ажиллана. Өнөөдрөөс эхлээд эдийн засгийн болон аюулгүй ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авч эхэлнэ. АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлаас авахуулаад Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх талаар төлөвлөсөн ажлуудаа шуурхай хийж эхэлнэ” гэдгээ онцлон хэллээ.

 

Түүнийг ажлаа хүлээн авах үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Н.Батнасан ирж баяр хүргэсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Өөрөө нисээгүй л болохоос холбоо, навигациас авахуулаад агаарын тээврийн бүхий л салбарт бодлого боловсруулж, төлөвлөлтийг нь хийж явсан хүн” энэ салбарын даргаар ирсэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ээээ хөөрхий..... яана даа удирдах газар минь .........
2015-04-15
Зочин:
Нисэх уурэг гуйцэтгэгчээс уурэг гуйцэтгэгчийн хооронд естой нэг дампуурч байнаа. Энэ засгийг огцоруулах ч багадна
2015-04-15
ТӨХ-д:
хүмүүс нь жагсаад оруулахгүй гээгүй биз дээ. Арай
2015-04-15
Зочин:
хөөрхий нисэх минь. бас нэг дүп.
2015-04-15
zochin:
ih l sain namtartai hun ym. namtar shigee sain ajillaarai.
2015-04-14
Орлон гуйцэтгэгч:
Намайг жинхлэхгуй байлгасаар ийм болголоо новш
2015-04-14