Удирдагчийн эхнэр олны өмнө гарлаа
2015-04-15

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэргий Ри Соль Жу найман сарын дараа олны өмнө гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнийг жирэмсэн болсон, амиа алдсан, эмнэлэгт хэвтсэн, хилийн дээс алхсан гэх мэт таамгийг Өмнөдийн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш олны өмнө гараагүй билээ.

 

Ким Чен Ун эхнэрийн хамтаар нийслэл Пхеньян хотноо байрлах хөлбөмбөгийн цэнгэлдэхийн нээлтэд оролцсон байна. Мөн тэд Хойд Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 103 жилийн ойд зориулж, “Хөдөлмөрийн нам”-ын өмнө байрлах удирдагчийн хөшөөнд цэцэг өргөжээ.

 

“Ри Соль Жу олны өмнө гарч байснаасаа харьцангуй турсан байгаа нь түүнийг төрсөн байж магадгүй гэх таамгийг баталж байна” гэж “Yonhap.com” мэдээлжээ.

 

Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Тэргүүн хатагтай олны өмнө гараагүй хугацаандаа гадаад хэл болон Ким Ир Сений нэрэмжит Үндэсний их сургуулийн утга зохиолын ангид суралцсан” гэж мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин