Иранд “С-300” нийлүүлнэ
2015-04-15

 

ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Дмитрий Медведев ажиллаж байх хугацаандаа “С-300” пуужингийн систем болон хүнд зэвсгийг Иранд нийлүүлэхийг хориглосон юм. 2007 онд ОХУ, Тегеранд зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан ч 2010 оны нэгдүгээр сард АНУ, Их Британи тэргүүтэй орнуудын худалдааны гэрээ болон нийлүүлэлтийн хоригоос болж, зэвсэг нийлүүлэх ажил тодорхойгүй хугацаагаар саатсан билээ. Ерөнхийлөгч В.Путин энэхүү хоригийг цуцлаж, Тегеранд “С-300” болон шаардлагатай зэвсэг, техникүүдийг нийлүүлэхээр болсон гэж “CNN” агентлаг мэдээллээ.

 

“С-300” болон шаардлагатай зэвсгүүдийг авахын тулд Тегеран тус улсад 800 сая ам.доллар өгөхөөр болсон байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Энэ бол Ерөнхийлөгчийн шийдвэр. Орос, Иранд зэвсэг нийлүүлнэ. Мөн “С-300” зөвхөн хамгаалах зэвсэг учраас хор хөнөөл учруулахгүй” гэж хэлжээ.

 

Иранд “С-300” нийлүүлэхээр болсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Лавровтой утсаар ярьсан байна. Тэд хагас цаг орчим ярилцсан бөгөөд нэг нэгнийхээ мэдэгдлийг үгүйсгэсэн, буруутгасан өнгө аястай байжээ.

 

Керри ОХУ-ын Засгийн газрыг буруутгаж, ““Р5-1” холбоо хичээл зүтгэл гаргаж, Тегераны цөмийн хөтөлбөрийн хэсэг хугацаанд зогсоох шийдвэр гаргаж байхад ОХУ, Тегеранд зэвсэг нийлүүлж, дахин олон улсын заналхийлэх ажлыг эхлүүлж байна” гэж хэлжээ. Лавров, Керригийн мэдэгдлийг “хий хардалт” хэмээн тодорхойлжээ. Мөн “Иран-ОХУ-ын хооронд ярилцсан асуудлыг улс төр болгох шаардлагагүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин