Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай танилцлаа
2015-04-15

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд олон иргэдээс өргөдөл гомдол иржээ. Иргэдийн санал хүсэлттэй газар дээр нь танилцах зорилгоор энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дүүргүүдэд ажиллаж байгаа аж. Тэрээр даваа гаригт Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон бол өчигдөр Сүхбаатар дүүргийн 9, 11, 15 дугаар хорооны иргэдтэй уулзжээ.

 

Дөлгөөн нуур, Шинэ зам орчим буюу нийслэлийн төв хэсэгт амьдардаг 9 дүгээр хорооныхны хувьд дахин төлөвлөлтөд хамрагдсан эхний хороо аж. Нийтдээ 2680 гаруй өрхтэй тус хорооны иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас асуудалд ул суурьтай, нухацтай хандах шаардлагатайг иргэд хэлж байлаа. Хэдийгээр холбогдох байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэд дэмжиж, амжилттай хэрэгжиж байна гэж мэдээлдэг ч бодит байдал өөр байгаа аж.

 

Нэг талаар төрийн байгууллагуудаас өгдөг мэдээлэл дутмаг, тодорхой мэдээллээр хангах үүрэгтэй албан тушаалтнууд иргэдтэй нүүр тулж уулздаггүй, нөгөө талаар төсөл хэрэгжүүлж буй барилгын компаниудтай зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа хэмээн иргэд хэлсэн байна. Тухайлбал, хоёр жил хүлээлтийн байдалтай яах ч учраа олохгүй цаг алдаж суугаагаа илэрхийлжээ. Иргэдийн хувьд газраа байраар солих сонирхолтой ч үнэ ханшийн хувьд тохиролцож чадахгүй байгаа аж.

 

“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд IX дүгээр хорооны 92 айл жилийн дотор газраа чөлөөлж, ажил нэлээд урагштай, шуурхай явагдаж байсан ч 2013 оноос энэ ажил удааширсан гэнэ. Таван жилийн хугацаанд тус хорооны 173 айл газраа чөлөөлж, мөнгөө авсан байна. Гэхдээ 2010 оны үнэ ханшаар газраа чөлөөлөхийг тэд хүсэхгүй байна, харин үнэ ханшийн өсөлттэй уялдуулан газрын үнэлгээгээ нэмэгдүүлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
гол нь хурдан орон сууцанд оруулах хэрэгтэй:
иргэдэд хандаж хэлэхэд газрын хэмжээндээ тохирсон орон сууц байхад хангалттай эсвэл тэр намагтаа үлдэх хүсэлтэй юм уу. хэдий удна төдий үнэгүй болно шүү гэдгийг сануулчихая
2015-04-15