Хуралдааны тухай хуулийн төслийг өргөн барилаа
2015-04-15

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.15/ Худалдааны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өргөн барилаа.

 

Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдийн зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, худалдааны салбарын тогтвортой хөгжлийг хангах, улмаар худалдааны салбарын эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн  орчинг бий болгох зайлшгүй шаардлага үүсээд байгаа талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.

 

Худалдааны харилцааг өнөөгийн байдлаар олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулдаг. Энэ нь импорт жолоодлогогүй, дотоод худалдаа эмх цэгцгүй явагдах, хүнсний аюулгүй байдал алдагдах, хэрэглэгчийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үзэгдлийн шалтгаан болдог байна. Тиймээс эдийн засаг, нийгмийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болгохоор Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.



Хуулийн төслийг боловсруулахдаа 10 гаруй орны худалдааны эрх зүйн зохицуулалтад судалгаа хийжээ. Мөн Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөнд оролцогчдын зөвлөмж, төрийн бус байгууллагууд, холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд явуулсан 5  удаагийн уулзалт, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тусгасан байна хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин