Хэрэглэгчийн төлөө дуугарах, нохой хуцах хоёр ялгаагүй болжээ
2015-4-16

“Хэрэглэгч бол хаан” гэсэн уриаг хий хоосон байлгахгүйн төлөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллах ёстой. Энэ байгууллагыг мартагдахаас аварсан гавьяа нь яах аргагүй О.Магнайгийнх.  Ажлаа аваад л томоохон дуулианыг тарьж эхэлсэн түүний орыг Т.Аюурсайхан гэх мөн л жагсаал цуглаанаар олон танигдсан залуу залгаж авсан. Ажиллах арга барил нь өмнөх даргынхтайгаа ижилхэн байгаад нь, бас залуу хүн зориг, зүрхтэйгээр ажлаа эхэлсэнд нь олон нийт ам сайтай л байна. Жолооч нарын уур бухимдлыг барж байгаа машин ачих, дугуй түгжих үйлчилгээний но-г гаргаж ирээд нийслэлийн Засаг даргаа иргэдийн хурлын төлөөлөгчидтэй нь хамт шүүхэд өгч орхисон түүнийг магтахаас яахав. Гагцхүү О.Магнай, Т.Аюурсайхан нарын шийдвэр, мэдэгдлүүд эцсийн дүндээ хаана хүрээд дуусдаг вэ. Нийгэмд тулгамдсан, шийдчихвэл хэрэглэгчдээс өндөр оноо авах тодорхой асуудлуудыг тэд дэлгэн тавьдаг, сүржин мэдэгдэл хийдэг ч жинхэнэ үр дүн нь төдийлөн харагддаггүй нь харамсалтай. Жирийн иргэний хувиар бодоход Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх, үүргийн статус ядмаг байгаад учир орших мэт.

 

Шадар сайдын харьяанд үйл ажиллагаа явуулдаг ШӨХТГ Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хянах ерөнхий чиг үүрэгтэй. Ерөнхийдөө Мэргэжлийн хяналтын байгууллагатай ижил статустай буюу улсын байцаагчид нь иргэдийн гомдлын дагуу асуудлыг шийдвэрлэдэг. Харамсалтай нь компаниуд, төрийн байгууллагууд, бүр нийслэлийн Засаг дарга нь хүртэл энэ байгууллагын шийдвэр, шалгалтын дүгнэлтийг ойшоохгүй, тэрсэлдэг, эсэргүүцдэг. Ингээд асуудал эцсийн шатандаа буюу шүүх байгууллагад очно. О.Магнайгийн үеэс ШӨХТГ шүүхийн зарлан олныг хүлээж авсан. Ерөөс сүүлийн үед хэвлэлийн мэдээнд ШӨХТГ, шүүх гэсэн хоёр үг салахаа байжээ. Өөрөөр хэлбэл, тус байгууллага хэвлэлийн бага хурал хийнэ, маргааш нь шүүхэд дуудагдана, эсвэл өөрсдөө шүүхэд хандана. Энэ байдал улиг болсоор удаж байна.  

 

Ганцхан шөнийн дотор үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн шатахуун импортлогчид ШӨХТГ-аас 17 тэрбум төгрөгийн торгуулийн хуудас хүлээж аваад шүүхэд хандсан. Бүтэн жил гаруй сунжирсан энэ хэргийн шийдвэр ШӨХТГ-ын талд гарсан ч торгуулийг барагдуулах ажил цаг хугацаа алдсан. Сүүлдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан компаниудын эд хөрөнгийг битүүмжилж, зарим компани нь торгуулиа төлсөн гэдэг. Харин хамгийн их торгууль буюу 4.9 тэрбум төгрөг төлөхөөр хариуцлага хүлээсэн “НИК” компанийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгааг ШӨХТГ-ын эх сурвалж хэллээ. Сүүлийн шатны шүүхээс тус компанид тавьсан торгуулийн хэмжээг шинэчлэн гаргахыг ШӨХТГ-т даатгасан. Түүнээс хойш ямар нэг үйл явдал болоогүй асуудал гацаанд оржээ. Магадгүй даргын халаа, сэлгээний үе ч нөлөөлсөн байж мэднэ.

 

Худалдаж авсан орон сууцных нь метр квадратаас дутуу байгаа гомдол нэг хэсэг ШӨХТГ-ыг булж орхисон. Энэ үеэр хийсэн шалгалтын дүнгээр 560 орчим иргэнд гурван тэрбум төгрөгийн хохирол учирсныг тус газрын байцаагчид тогтоосон байдаг. Үүний тал хувь буюу 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг “МД топ”, “Тайгам алтай”, “Тектоник” гэсэн гуравхан компани учруулсныг тухайн үедээ мэдээлж байлаа. Гомдол гаргасан иргэдийн 70 орчим хувийг хохироосон дээрх гурван компани иргэдийн хохирлыг барагдуулахгүй том толгойлсон төдийгүй “Тайгам Алтай” компани нь ШӨХТГ-ын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд өгсөн юм. Жил гаруйн өмнө хүлээж авсан шүүхийн зарлан харамсалтай нь өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. “Тайгам Алтай” компанийн нэхэмжлэлтэй анхан шатны шүүх хурал ч болоогүй байна. Харин өнгөрсөн зун “Тектоник” компани иргэдийн хохирлыг барагдуулж эхэлжээ. 460 орчим сая төгрөгийг оршин суугчдад олголоо, бидний шийдвэрийг хэрэгжүүлж, хуулиа сахин мөрдөхөөр боллоо” хэмээн ШӨХТГ-аас мэдээлэв. Гэтэл үнэн хэрэг дээрээ өнөөх “Тектоник” компани нь хуурамч бичиг явуулж ШӨХТГ-ын байцаагчдыг дөнгөж орхисон байв. Нэг ч хүний нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй тус компанийн асуудал тэгэсхийгээд намжсан.

 

Тэгвэл саяхан арилжааны есөн банкны нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм. Эхнээс нь яривал банкууд зээл олгохдоо авч шимтгэл, хураамж гэх төлбөрийн нэгдүгээрт давхардуулж авдаг, хоёрдугаарт шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцож авдаг, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг зэрэг хууль бус үйлдлүүдийг ШӨХТГ-ын байцаагчид илрүүлсэн. Энэ үйлдлээ дахиж гаргахгүй байхыг шаардсан. Тэгвэл банкууд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, ШӨХТГ нь арилжааны банкуудад шалгалт хийх эрхгүй хэмээн шүүхэд хандсан юм. Зээлгүй хүн хайх нь өвсөн дундаас зүү эрэхтэй адилхан болсон өнөөгийн нийгэмд ШӨХТГ-ын гаргасан энэ шийдвэрт талархах хүн олон байлаа. Бүр шимтгэл нэрээр төлсөн нэг хувийнхаа мөнгийг буцаагаад авчихаж магад гэсэн горьдлого төрүүлээд авсан юм. Гэвч горьдлого талаар болсон.  Монголын банкны холбооноос ШӨХТГ-ын худал мэдээлэл тараасан гэж мэдэгдэл хийн, олон нийтэд мэдээлэл хийснийг нь буруушаав. Үүнийх нь хариуд ШӨХТГ мөн л хэвлэлийн бага хурал хийж, шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэж мэдэгдлээ. Ингээд л энэ хэрэг цаашид хэрхэх нь бүрхэг болов.

 

Нэгдүгээр эгнээнд буюу бусдын хөдөлгөөнд саад учруулж тээврийн хэрэгслээ орхисон жолоочийг 70-80 мянган төгрөгөөр торгох шийдвэр нь хууль зөрчсөн, тиймээс илүү мөнгө авч иргэдийг хохироосон асуудлаа шийдвэрлэхийг Т.Аюурсайхан нийслэлийн удирдлагуудаас шаардсан. Түүнчлэн дугуй түгжих үйлчилгээ нь хууль бус тул зогсоохыг шаардав. Гэвч нийслэлийн удирдлагууд хүлээж авах нь байтугай, ШӨХТГ-ын эсрэг мэдэгдэл хийв. Ингээд Т.Аюурсайхан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э.Бат-Үүл болон ИТХ-ын төлөөлөгчдийг шүүхэд өгөв. Шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь одоогоор тодорхойгүй ч Т.Аюурсайханы талд шийдвэр гарлаа гэхэд илүү төлбөр төлж хохирсон жолооч нар мөнгөө буцааж авахын тулд дахиад л гомдол гаргаж, явдал болох ёстой. Тиймээс энэхүү шүүх хурал нь ШӨХТГ ялах уу, нийслэлийн удирдлагууд ялах уу гэдгийг л шийдээд өнгөрөх болов уу.

 

Энэ мэтчилэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрхэм үүрэгтэй байгууллагыг үл тоож, шүүх цагдаагаар хэргийг сунжруулан бултаж дөнгөдөг явдал улиг боллоо.

 

Үнэндээ иргэд аливаа  асуудал гарахад өнөөх Шударга өрсөлдөөн, мэргэжлийн хяналт нь юу хийдэг байна гэж шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ хяналт тавих үүрэгтэй эдгээр байгууллагынхаа шийдвэр гаргах, шийдвэрээ хэрэгжүүлэх статусыг тодорхой болгож, үйл хэргийг нь чанаржуулмаар байна. Тэгэхгүй бол ШӨХТГ-ынхан ажлаа хийж дуугарах, нохой хуцах хоёр ялгаагүй болжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
m.oyun-erden:
СХД-ийн 19-р хорооны 34-р байрны оршин суугчидаас СӨХ төлбөр гэж “Соёлтой тохилог өргөө” СӨХ нь Төрийн банкаар дамжуулан нэхэмжлэх боллоо. СХД-ийн 19-р хорооы 34-р байрны оршин суугчид нь “Соёлтой тохилог өргөө” СӨХ-д нэгдээгүй ба СӨХ төлбөр нэхэх нь хууль бус мөн 2014 оны 03-р сараас хойш “Соёлтой тохилог өргөө” СӨХ нь 34-р байранд ямар нэгэн юм юу ч хийгээгүй. Иймд Төрийн банкаар дамжуулан 34-р байрны оршин суугчидаас мөнгө нэхэмлэхийг зогсоож өгнө үү
2015-04-16
M.Oyun-Erdene:
СХД-ийн 19-р хорооны 34-р байрны оршин суугчидаас СӨХ төлбөр гэж “Соёлтой тохилог өргөө” СӨХ нь Төрийн банкаар дамжуулан нэхэмжлэх боллоо. СХД-ийн 19-р хорооы 34-р байрны оршин суугчид нь “Соёлтой тохилог өргөө” СӨХ-д нэгдээгүй ба СӨХ төлбөр нэхэх нь хууль бус мөн 2014 оны 03-р сараас хойш “Соёлтой тохилог өргөө” СӨХ нь 34-р байранд ямар нэгэн юм юу ч хийгээгүй. Иймд Төрийн банкаар дамжуулан 34-р байрны оршин суугчидаас мөнгө нэхэмлэхийг зогсоож өгнө үү
2015-04-16
irgen:
ugaasaa herggui gazar dooo hamag ymiig haaj booson manai niigemd sul cholootei buzzines orchin hergtei bna daaaa
2015-04-16