Гвинет Пэлтроу зоогийн газартай боллоо
2015-04-16

 

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу Нью Йорк хотноо цагаан хоолны зоогийн газар нээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр зоогийн газраа өөрийнхөө нэрээр нэрлэсэн байна. Тус зоогийн газрын бүх хоол 29 америк долларын үнэтэй бөгөөд зөвхөн цагаан хоолтон болон архи, тамхи хэрэглэдэггүй хүмүүс үйлчлүүлэх боломжтой гэдгийг жүжигчин инстаграмаараа дамжуулан мэдэгджээ.

 

Гвинет Пэлтроу “Өөртөө хайртай хүмүүс л энэ зоогийн газраар үйлчлүүлэх боломжтой. Би хүмүүсийг ялгаагүй. Цагаан хоол иддэг хүмүүст энэ зоогийн газар таалагдах болно. Харин махан хоол... сайн мэдэхгүй байна” гэж бичжээ. Жүжигчин бүсгүй 2009 оноос эхлэн цагаан хоол идэх болсон бөгөөд өнөөдрийг хүртэл махан хоол идээгүй гэнэ. Тэрбээр цагаан хоолны ачаар илүүдэл жингээсээ салж чадсан гэжээ. Гвинет энэ ондоо багтаан Нью Йорк, Нью Жерси, Лос Анжелес, Лас Вегас, Техаст зоогийн газраа нээх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин