Монголд хүүхэд хамгаалах эрхзүйн орчин байхгүй
2015-04-16

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Эхний асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  танилцуулав. Тэрбээр Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцууллаа. Төслийн талаар гишүүд асуулт асууж, холбогдох албаны хүмүүсээс хариултаа авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хуучин тогтолцоо өөрчлөгдөөд 25 жил болж байна. Хүмүүс хуучин тогтолцоотой харьцуулж их ярьдаг. Бид олон гэрээ хэлэлцээрт нэгдэж орсон. Тэр дундаа Хүүхдийн эрхийн конвенци бол гол баримт бичиг. Үүний хэрэгжилтэд мониторинг хийсэн үү, олон улсын зүгээс юу гэж үзэж байгаа вэ?

 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Манай улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон. Гэвч хэрэгжилтэд нь хяналт тавьж, зөрчил гомдлыг хүлээн авдаг механизм байгаагүй. Тиймээс хүүхэдтэй холбоотой байгууллагуудад ирсэн санал гомдлыг  хянах  үүднээс нэмэлт протоколыг гаргасан. Үүнд Монгол Улс 41 дэх орон болон нэгдэж орсон. Манайд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалттай холбоотой эрхзүйн зохицуулалт одоо ч байхгүй. Хүүхдийн эрхийн тухай байцаагч ч байхгүй. Зөвхөн нэг байр л бий. Тэр нь тэнэмэл өнчин хүүхдийг хооллож хувцасладаг. Түүнээс хүүхдийн эрх зөрчсөн байгууллага, иргэдэд хариуцлага тооцдог зохицуулалт байхгүй. Тиймээс Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулж, хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.  

 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Хүүхдийн эрх гэхээр хурдан морь унаж байгаа хүүхдийн хүрээнд ярьж байгаа. Бусад том хүрээгээр ярьж чадахгүй. Ярья гэхээр гарт барих тоо баримт байдаггүй. Хүүхдийн эрх зөрчигддөг гэсэн баримт байна уу? Нэг ширээний ард 3-4-үүлээ суугаад хичээллээж байгаа хүүхэд эрх нь зөрчигдсөн гэж хандаж болох уу?

 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдол, хүүхэд хамгаалалтад гарч байгаа асуудлалд хяналт тавих ямар ч эрхзүйн орчин байхгүй. Хүүхэд өргөдөл гомдол гаргахад хаана ямар газар хандах гээд олон асуудал бий. Ирж байгаа өргөдөл гомдлыг барагдуулах механизм байхгүй. Зөрчил гаргаж байгаа байгууллага, иргэн, эцэг эхэд хариуцлага тооцох ямар ч эрхзүйн орчин байхгүй. Тэр битгий хэл хүүхдийн байгууллагын төлөөлөл цэцэрлэг, сургууль норм хангаж байгаа эсэхийг шалгах эрхзүйн зохицуулалт ч байхгүй. Тиймээс шинэ хуулинд хүүхдийн байгууллагын эрхийг нэмэгдүүлж оруулж өгч байгаа.

 

Ийн гишүүдийн 80.4 хувийн саналаар Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Tumur:
Odoo l oilgoj baigaa yum uu?
2015-04-16