Британичууд талцаж эхэллээ
2015-04-16

 

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон энэ сарын сүүлээр амаржиж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах билээ. Шинээр мэндлэх хүүхдийн хүйс өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна. Хүүхдийн хүйснээс болж Британичууд хоёр хуваагдаж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ихэнх дэлгүүр, худалдааны төвүүд болон компани, төрийн байгууллага, сонин хэвлэлүүд өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж, “охин, хүү” хэмээн талцаж эхэлжээ. “The Sun” сонин өнөөдрийн дугаартаа гүнжийг охин төрүүлнэ гэсэн бол “Daily mail” сонин “хүү төрнө” хэмээн бичжээ. Мөн хүүхдийн хувцасны дэлгүүрүүд цэнхэр болон яагаан өнгөөр гаднах төрхөө өөрчилж, зарим дэлгүүр “Хүү төрвөл бүх бараагаа 90 хувь хямдруулна” гэж үүдэн дээрээ бичжээ.

 

“Hello UK” сонин Лондончуудын дунд гүнжийн төрүүлэх хүүхдийн хүйсийн талаар нээлттэй санал асуулга явуулсан байна. Санал асуулгад ойролцоогоор 25 мянган оролцжээ. Саналаа өгсөн иргэдийн 54 хувь нь “хүү” гэж хариулсан аж. Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн ихэнх нь “гүнжийг эрэгтэй хүүхэд тээж байгаа. Түүний гэдэс жижигхэн бөгөөд бөмбөг шиг хэлбэртэй байна. Хэрвээ охин бол гэдэс нь бага зэрэг доошоогоо суусан байдалтай байх байсан” гэжээ.

 

Ордны ажилчид гүнжийг “охин хүүхэд тээж байгаа” хэмээв. Учир нь ханхүү саяхнаас шинэ хүндээ зориулж өрөө бэлдэж эхэлжээ. Өрөөний ихэнх тавилга болон ханын цаас нь ягаан аж. Мөн шинэ хүнээ Лусина хэмээн нэрлэхээр болсон гэжээ. Ханхүүгийн дотны анд хөлбөмбөгчин Дэвид Бекхэм хүртэл нэгэн ярилцлагынхаа үеэр “Гүнжтэн охинтой болно” гэж ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин