Засгийн газар хоорондын ноот бичигт гарын үсэг зурав
2015-04-16

Өнөөдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Япон Улсын иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн 2 дахь шатны зээлийг авах тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

 

Хоёр дахь шатны зээлийн хэмжээ 36 тэрбум 850 сая иен буюу ойролцоогоор 608 тэрбум төгрөг болж байна. 2008 онд олгосон эхний шатны зээл болох 28 тэрбум 870 сая иенийг нэмбэл уг төслийн нийт хэмжээ 65 тэрбум 657 сая иен буюу ойролцоогоор 1 их наяд 83.4 тэрбум төгрөг болж байна. Энэ нь 1990 оноос эхлэн Япон улсын Засгийн газраас Монгол Улсад олгож ирсэн Хөгжлийн албан ёсны тусламжуудаас хамгийн өндөр өртөгтэй нь болж байгаа юм.

 

Хөшгийн хөндийд баригдаж буй энэхүү шинэ нисэх онгоцны буудлыг 2017 онд ашиглалтад оруулах бөгөөд зээлийн хөрөнгийг Японы техник, технологиор онгоцны буудлыг барьж байгуулах, мөн зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна.

 

Тус иений хөнгөлөлттэй зээлийн хүү 0,1 хувь, эргэн төлөлтийн хугацаа 40 жил бөгөөд бусад зээлтэй харьцуулахад бага хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа урт гэдгээрээ давуу талтай юм.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн би:
Энэ сэтгүүлч жирийн иргэдэд ойлгомжтой мэдээ хүргэж чадахгүй юм даа. Солилцох нот бичиг ч гэх шиг, хөнгөлөлттэй зээл гэж байснаа тусламж гээд хадуурч ч байх шиг, тус иений гэдэг нь чухам юу гэж ч байгаа юм, Хөшгийн хөндий гэсэн нь Хөшигтийн хөндийг хэлэх гэсэн оролдлого юм байх даа хөөрхий гэж....
2015-04-16