В.Путин: Орос хэзээ ч бууж өгөхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2001 оноос “Путинээс асуу бас ярилц” гэх шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх болсон. Тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар есөн удаа, Ерөнхий сайдын хувиар гурван удаа ард түмэнтэйгээ шууд ярилцаж байв. Харин 2004, 2012 онд энэхүү ярилцлага болоогүй юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба энэ сарын 9-наас эхлэн иргэдийн сонирхсон асуултыг утсаар, шуудангаар, и-мэйлээр хүлээн авч эхэлсэн бол эмх журамтай байлгах үүднээс фэйсбүүк, инстаграм, твиттер зэргээр ирсэн асуултад хязгаар тавьсан байна. Ойролцоогоор хоёр сая гаруй асуулт хүлээн авсан бөгөөд эдгээр асуултаас сонгож, шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгчөөс асууна гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. Шууд ярилцлага гурван цаг орчим үргэлжлэх бөгөөд цаг сунгах боломжтой гэдгийг Песков уламжлав.
Ярилцлагын төгсгөлд Орост орогнож буй АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноудан онлайнаар холбогдоно. Шууд нэвтрүүлгийг “Орт 1”, “Россия-1”, “Россия-24”, “Первый Канал”, “Маяк”, “Вести FM”, России телевиз хүргэж байна.
Асуулт, хариулт эхэллээ.
Тэрбээр эхэлж гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээсээ ирсэн асуултад хариулснаар шууд нэвтрүүлгээ эхлүүллээ.
-Хасакт тариаланчид талбайн зэрлэгээ шатааж байхдаа гал алдсан. Гал унтарсан ч 5000 гаруй хүн орон гэрээ алдлаа. Та тэдэнд туслах уу. Дахин амьдрах итгэл хайрлах уу?
В.Путин: Энэ асуудалд Засгийн газар гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Өнөөдөр Оросын ард гэнэтийн осол болон байгалийн хүчинд ялагдал хүлээлээ. Гэхдээ бид аль болох орон гэрээ алдсан хүмүүст эрх тэгш туслах болно. Зовсон үед нь ард түмнээ хамгаалж, дээш өргөхгүй бол Орост Ерөнхийлөгч байхын хэрэггүй.
-Архины үнэ өнгөрсөн онд 10-40 хувиар нэмэгдсэн. Үнэ буурах уу?
В.Путин: Хойч үеэ архи болон согтууруулах ундаанаас хол байлгах хэрэгтэй. Улсаа архинд живүүлэхийг хүсэхгүй байна. Миний санаснаар архины үнэ өдөр ирэх бүр буурч байгаа. Эдийн засгийн хориг болон экспорт, импортоос болж үнэд өөрчлөлт гарсан.
-Украины зүүн хязгаарын Луганск, Донецк мужийн асуудал. Та энэ хоёрыг Оросын эх газарт нэгтгэх бодолтой байна уу?
В.Путин: Украинд хөрш, ахын ёсоор туслахыг хүссэн. Гэхдээ бидний санасан бодсон шиг байсангүй. Оросын талыг баримтлагчид гэгдэх салан тусгаарлагчид зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг оролдож эхлэв. Би энэ асуултад шууд хариулмаар байна. Луганск, Донецк хоёрыг Орост нэгтгэхгүй. Улс төрийн өргөн асуудал энгийн иргэдэд ямар их хохирол учруулдаг гэдгийг би сайн мэддэг. Крымийн асуудлаас үүдэн Орос жилийн хугацаанд их ганцаардлаа. Бас хүндхэн даваатай нүүр туллаа. Гэхдээ Орос хэзээ ч бууж өгөхгүй гэдгийг батлан харуулсан жил боллоо.
-Ард түмнээ олон улсаас хамгаалж, эр зориг гаргаж буйд баярлалаа. Таны нэр хүнд олон улсад өсч байгаа. Энэ тухайд. Мөн Америкийн “TIME” сэтгүүл таныг дэлхийн нөлөө бүхий улстөрчөөр тодруулсан?
В.Путин: Баярлалаа. Тиймээ өнгөрсөн оноос эхлэн тус сэтгүүл намайг нөлөө бүхий эрхмээр тодруулсан. Миний төлөө саналаа өгч, улс төрийн бодлогыг минь дэмжсэн бүхэнд баярлалаа. Миний нэр хүнд өсч байгаа гол шалтгаан нь Оросын хүчирхэг байдалтай шууд хамааралтай.
-Таныг Порошенко, Янукович хоёрыг дайсан болгосон хүн гэдэг. Энэ үнэн үү?
В.Путин: Та бүхэн юу гэж бодож байна. Би үнэхээр энэ хоёр эрхмийн дунд яс хаясан гэж үү. Би хувьдаа тэгэж бодохгүй байна.
-Сөрөг хүчний тэргүүн Борис Немцовын үхлийн тухай. Энэхүү аллагын цаана хэн байгаа гэж бодож байна. Захиалгат аллага уу эсвэл...?
В.Путин: Борис Немцовын үхэл захиалгат гэж бодож байна. Түүний үхэл намайг болон олон хүнийг уй гашууд автуулсан. Мөн бүх хүнийг сэрэмжтэй байхыг сануулсан хэрэг гэж бодсон. Гишүүний амь насанд халдах нь улсын аюулгүй байдалд заналхийлэх эрсдэлтэй.
-Немцовын аллагын гол гэрч Украины загвар өмсөгч Анна Дурицкаяг Москвад авчрах бодол байна уу?
В.Путин: Хэрэгтнийг хурдан барихыг хүсч буй бол Анна Дурицкаягаас заавал мэдүүлэг авах учиртай.
-Барууны хоригоос болж Орос ганцаардсан уу?
В.Путин: Оросыг гадуурхах үзэл Оросыг улам хатуужуулж, шинэ нөхөд, итгэл даах түнштэй болгоход тусалсан.
-Крымийг Орост нэгтгэснээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд Крымд ямар бүтээн байгуулалт хийв?
В.Путин: Крымийн ард түмэн Оросыг сонгосон. Мөш олон өөрчлөлтийг хийхээр зорьсон. Үр дүн тун удахгүй таны мэлмийг баясгах болно.
-Та өөрийгөө царайлаг, тачаангуй гэж боддог уу?
В.Путин: /Инээв/ Бурхан минь ямар сонин асуулт вэ. Энэ танхимд цугларсан эмэгтэйчүүдээс асуумаар байна.
-Та хэвлэлийнхэнд хяналт тавьдаг уу?
В.Путин: Уншигчаа хүндэлдэг сэтгүүл зүйг би хүндэтгэдэг. Аль болох хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хөндлөнгөөс оролцохоос зайлсхийдэг.
-Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц Украины зүүн хязгаарт осолдсон. Энэхүү ослыг санаатайгаар Оросууд үйлдсэн хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж буй?
В.Путин: Яагаад энэ осолтой Орос болон миний нэр холбогдсоныг гайхаж байна. Хэргийн газар ажиллаж буй хүмүүс болон гэрчүүд Оросыг энэ хэрэгт хамааралгүй гэдгийг батлах байх.
Эх сурвалж: “Moskva-putinu.ru” болон “Tass.ru” агентлаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ