Украины нэрт сэтгүүлч амиа алджээ
2015-04-17

 

Украины нэрт сэтгүүлч, зохиолч Олесь Бузина гэрийнхээ хашаанд буудуулж, амиа алдсан байдалтай олдсон тухай “www.rua.gr” мэдээллээ. Сэтгүүлч рүү дөрвөн удаа буудсан гэж гэрчүүд мэдээлсэн байна. Хэргийг шалгаж буй мөрдөгч “Ukraine agency”-д “Сэтгүүлч Олесь Бузинаг гэр рүүгээ орохоор явж байхад хар өнгийн форд машинаас буудсан. Машин гадаад дугаартай байсан. Хэрэгтнүүдийг царайг гэрчүүд харж чадаагүй” гэж ярьжээ.

 

Хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө Олесь Бузинагийн гэрийн хаяг, утасны дугаар зэрэг нь Украины “Миротворец” сайтад нийтлэгдсэн байна. Тус сайтынхан мэдээлэл хийхээс эрс татгалзжээ. Цагдаагийнхан сайтын ерөнхий редакторыг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Сэтгүүлчийн үхлээс гадна Украины сөрөг хүчний гишүүн, Виктор Януковчийн дэмжигч Олег Калашников байр руугаа орохоор явж байхдаа буудуулж амиа алдсан юм. Аллагын үеэр байрны гадна байрлуулсан хяналтын камер ажиллаагүй байна. Энэ хэргийг сайтар бэлтгэсэн аллага хэмээн мөрдөгчид мэдэгджээ.

 

Дээрх хэргүүдээс гадна энэ сарын 12-ны 23.00 цагийн орчимд Бузинагийн найз, сэтгүүлч Сергей Сухобок гэртээ амиа алдсан байдалтай олдсон юм. Эдгээр хэргүүд Киевийн удирдлагуудын захиалгаар үйлдэгдсэн гэж Януковчийг дэмжигч сөрөг хүчнийхэн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин