Хууль бус томилгоо төрийн ажлыг гацаасаар

img

Засгийн газрын хууль бус томилгооны харгайгаар нэгэн төрийн яамны ажил саатахад ойрхон байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтгүй сонголт асуудал дагуулж, төрийн яамны ажлыг гацаасаар байгаа юм. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн суудалд Б.Болдбаатар гэгчийг хууль зөрчин, шууд томилсноор эл асуудал үүсчээ.

 

Уг нь аль ч яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох хуультай байдаг аж. Гэвч Засгийн газар хууль зөрчөөд зогсохгүй, зөрчлөө арилгахыг сануулсан Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг биелүүлэхгүй өдий хүрчээ. Төрийн яамны төрийн нарийн бичгийн дарга бол тухайн яамны санхүү төсөв, хүний нөөцийг хариуцсан том албан тушаалтан. Тиймдээ ч хэн нэгний дураар, хүссэн нэгэн нь хийчихдэггүй хариуцлагатай ажил баймаар.

 

 ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын томилгоо нь Төрийн албаны тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын яамны эрхзүйн байдлын тухай хуулиуд болон УИХ-аас баталсан журмыг зөрчжээ. Энэ тухай тодруулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны ахлах референт Д.Баатарсайхантай уулзлаа.

 

-Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус томилгооны асуудал яригдсаар байна. Энэ томилгоо эрхзүйн ямар зохицуулалтыг зөрчсөн юм бэ?

-Энэ асуудал олон удаа хөндөгдөж байна. Засгийн газрын тухай хуулинд яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно гэсэн заалт байгаа. Мөн Яамны эрх зүйн байдлын тухай хуулинд Төрийн нарийн бичгийн дарга тухайн яамныхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажиллана. Түүнийг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулна гээд заасан байгаа. Тэрчлэн Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 заалт, мөн 351-т аль ч яамны Төрийн нарийн бичгийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон шалгаруулна гэж заасан. Бас УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан журам Төсвийн ерөнхий менежерийг буюу одоогийн Төсвийн тухай хуулинд зааснаар төсвийн шууд захирагчийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдэд санал болгоно гэсэн байдаг. Тэгэхээр энэ албан тушаалтны томилгоо заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар явна. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нь төсвийн шууд захирагчийн албан тушаал. Санхүүгийн болоод хүний нөөцийн маш том эрх мэдэлтэй. Хүнийг ажилд томилдог, чөлөөлдөг, халдаг, шийтгэдэг, шагнадаг, урамшуулдаг энэ бүх харилцааг зохицуулах шийдвэрийг гаргаж байдаг албан тушаалтныхаа хувьд нээлттэй сонгон шалгаруулалтаар зайлшгүй орох ёстой.

 

-Хууль бус томилгооны зөрчлийг арилгуулах талаар танайхаас Засгийн газарт хандсан. Гэвч одоо хүртэл арга хэмжээ авахгүй байна.

-Засгийн газар 2014 оны сүүлчээр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Энэхүү томилгоо хууль бус гэдгийг Төрийн албан зөвлөлөөс Засгийн газарт удаа дараа албан бичгээр хандсан. Засгийн газраас энэ асуудлыг зохицуулна гэсэн байр суурьтай байдаг. Гэхдээ одоогоор хариу ирүүлээгүй байна. Төрийн албаны зөвлөл өөрийн байр суурийг илэрхийлчихсэн. Эрхзүйн талаас ийм байх ёстой гэдгийг зөвлөсөн, албан бичиг явуулчихсан.

 

-Энэ асуудал одоо зөвхөн Засгийн газраас шалтгаална гэж ойлгож болох уу?

-Болно.

 

-Төрийн нарийн бичгийн даргын хууль бус томилгоог цэгцлэхгүй бол ГХЯ-нд олон асуудал үүсээд байгааг ярьж байна.

-Үнэхээр хүндрэлтэй. Төсвийн шууд захирагч нь хууль ёсны дагуу томилогдохгүй тохиолдолд шат, шатны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явуулах, дүгнэлт гаргуулах зэрэг хүний нөөцийн хөдөлгөөний асуудал д хүндрэл гардаг. Өөрөөр хэлбэл удирдах, гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчдын томилгоо, цалин хөлс тогтоолт, зэрэг дэв олголт гэх зэрэг асуудлууд зогсонги байдалд ордог. Тухайлбал, өмнөх Засгийн газарт Хөдөлмөрийн яаманд ийм асуудал гарч байсан. Иймээс Засгийн газар энэ байдалд дүгнэлт хийж шийдвэр гаргана гэж итгэж байгаа.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлсэн албан бичигт анхаарал хандуулж, хууль бус томилгоондоо дүгнэлт хийн, зөрчлийг арилгахаар яаравчлахгүй бол нэгэн төрийн яамны ажил зогсоход хүрэх вий. Түүнчлэн Засгийн газраас хууль бусаар хийсэн Татварын ерөнхий газрын даргын томилгоог анхаарна биз ээ.

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ