Хар тамхи, хүн амины хэргээр ял эдэлж буй иргэдээ авчирна
2015-04-17

ГХЯ-ны Консулын газрын захирал Н.Батаа ( гэрэл зургийгMPA.mn)Гадаад хэргийн яамнаас хилийн чанадад байгаа монгол иргэдийнхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр өнгөрөгч онд хийж гүйцэтгэсэн болон он гарсаар хийгээд буй ажлын талаар тус яамны Консулын газрын захирал Н.Батаа мэдээллээ.

 

Элчин сайдын яаманд бүртгэгдснээр манай улсын 97 мянган иргэн хилийн чанадад амьдардаг байна. Тэдний эрх ашгийг хамгаалахаар томилогдсон Дипломат төлөөлөгчийн 45 газар ажилладаг.

 

Манай улсын иргэд олноор оршин суудаг газруудад төр засгаас анхаарал хандуулж Консулын төлөөллийг шинээр байгуулдаг. 2013 онд УИХ-ын  43 дугаар тогтоолын дагуу Туркийн Истанбул, Киргиз Бишкек хотуудад Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хөлөнбуйр болон БНСУ-ын Бусанд Консулын газар байгуулж иргэдийн эрх ашгийг хамгаалахад хамтран ажиллаж байгаа аж.

 

Мөн өнгөрөгч онд ОХУ, БНХАУ, БНСУ, Турк, Киргиз зэрэг улстай хоёр талын консулын зөвлөлдөх уулзалтыг хийж иргэд, аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалах, ирж очих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг  асуудлаар санал, бодол мэдээлэл солилцон холбогдох хууль хүчний байгууллагын хамтын ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болжээ.

 

Ингэсний дүнд Бүгд Найрамдах Чех улсад ял эдэлж байсан 1, БНСУ-д ял эдэлж байсан 2, Бүгд найрамдах Казахстан улсад ял эдэлж байсан 2 иргэнийг үлдсэн ялыг нь эх оронд нь эдлүүлэхээр авчирчээ. Энэхүү ажлыг ХЗЯ, УЕПГ, ИХШХЕГ, ШШГЕГ болон Тахарын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан.

 

Түүнчлэн манай улсад ял эдэлж байсан ОХУ-ын 4, БНСУ-ын 1 иргэнийг ялтан шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлсэн байна. Мөн 2014 онд хилийн чанадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон, 19 оронд 165 иргэн ял эдэлж байснаас 122 иргэн суллагдсан буюу албадан буцаагджээ. Тэднийг эх оронд нь буцаах асуудлыг холбогдох Дипломат төлөөлөгчийн газрууд суугаа орны эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлжээ.

 

БНХАУ-д  гэхэд манай улсын 171 иргэн зөвхөн хулгайн хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа аж. Албаны төлөөлөл “Манай улсын иргэдийн гадны улсад үйлдэх хулгайн хэрэг гаарч байна. Иргэд маань өчүүхэн шуналыг умартаж, улс орныхоо нэр хүндийг бодох хэрэгтэй” гэж онцолж байсан.

 

Харин энэ оны 4 дүгээр сарын байдлаар гадаадын 13 оронд Монгол Улсын 103 иргэн ял эдэлж байна. БНХАУ-ын Зэ Жиан мужийн Ханжоу хотын Эмэгтэйчүүдийн хорих газар хар тамхины хэргээр хоригдож байсан манай улсын иргэн Э-г Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан ялтан солилцох гэрээний дагуу 2015 оны 1 дүгээр сард эх оронд нь авчирсан.

 

Тэгвэл энэ онд багтаан БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж буй 3, БНСУ-д хүн амины хэргээр ял эдэлж байгаа 2 монгол иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу эх оронд нь шилжүүлэн авчрахаар ажиллаж буй юм байна. Гэхдээ энэхүү ажиллагаанд хагас жил болон түүнээс илүү хугацаа шаардагдах аж.

 

Б.Буд

 

Shuud.mn
Сонин хачин
ridiculous:
ridiculous
2015-04-18
ha:
edniig avchirah yamar heregtei um be?eer uls orond hiichih zuil alga uu?
2015-04-17