Брэдийн гэр бүл хүүхэд үрчилж авна
2015-04-19

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли иргэний дайн дэгдээд буй Сири улсаас 3-5 насны охин хүүхэд үрчилж авахаар бичиг баримтаа цуглуулж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр нөхөр Брэд Питтэй ярилцсаны эцэст дээрх шийдвэрийг гаргасан гэж Жолигийн агент “Ройтерс” агентлагт уламжилжээ.  

 

Жоли өнгөрсөн хоёрдугаар сард Сири улсад НҮБ-ын элчийн хувиар айлчилж, тус улсын иргэдтэй уулзаж, тусламж үзүүлсэн юм. Тэрбээр Сириэс хүүхэд үрчилж авч, нэг хүүхдэд аз жаргал бэлэглэхийг хүсч буйгаа айлчлалынхаа үеэр дурьдсан ч хагалгаанд орж, энэ асуудал хэсэг хугацаанд хойшлоод байжээ. Жоли “Хагалгааны дараа миний биеийн байдал эрс сайжирсан. Одоо гэр бүлийнхээ асуудалд гол анхаарлаа хандуулахыг хүсч байна. Гэр бүлдээ дахин аз жаргал бэлэглэхийг хүсч байна. Нөхөр минь миний шийдвэрийг хүндэтгэж, хүүхэд үрчилж авахыг минь зөвшөөрсөн” гэж хэлжээ.

 

Ирэх сарын эхээр Брэдийн гэр бүл Сири улсад очих төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ үеэр тэд шинэ хүүхдээ үрчилж авахаар болжээ. Брэдийн гэр бүл зургаан хүүхэдтэй бөгөөд гурван хүүхэд нь өргөмөл билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин