“Дуулиан-2020”-ийн шилдгүүд шалгарлаа
2015-04-20

Заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээний аваргууд өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорлоо. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр зохиогдсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний 2014-2015 оны улирлын тоглолт явагдаж нийт таван насны ангилалд эрэгтэй эмэгтэй 10 төрөлд аваргуудаа ийнхүү тодруулжээ. 

 

Энэ удаагийн тэмцээн гурван үе шаттай явагдсан бөгөөд эхний шат өнгөрсөн намар болж сургууль, албан байгууллагууд тус бүрдээ аваргуудаа тодруулсан аж. Харин хоёр дахь шатанд дүүргийн аваргууд шалгарч, сүүлийн шатанд Улаанбаатар хотын заалны хөлбөмбөгийн аваргууд тодорсон юм байна.

 

Зургаан сарын хугацаанд 30 гаруй мянган тамирчин өрсөлдсөний эцэст шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд энэ үеэр “Их талын дуулиан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнД.Хүрэлбаатартай цөөн хором ярилцсан юм.

 

-2014-2015 оны “Дуулиан-2020” тэмцээний гол онцлог?

-Ес дэх удаагийн Дуулиан-2020 тэмцээний онцлог нь 30 гаруй мянган авьяаслаг тамирчид зургаан сарын хугацаанд 100 гаруй ивээн тэтгэгчийн хамт  хурд, хүч, ур чадвараа сорьлоо.

 

-Тэмцээнийг Нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр зохиож байгаа гэсэн?

-Дуулиан тэмцээнд оролцогчид чөлөөт цагаа зөв өнгөрөөх, амжилтын төлөө ганцаараа биш баг хамт олноороо тэмүүлэх зорилготой оролцдог. Иймээс ч “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэмжлэг дор гурав дахь жилдээ амжилттай явагдаж өндөрлөлөө.  Монголчууд үндэсний бөх хурдан моринд хорхойсдог хэдий ч  залуу үе тэр дундаа өсвөрийн хүүхдүүд маань хөлбөмбөгийн спортод сэтгэл зүрхээ зориулж эхэлжээ.

 

-Цаашид “Дуулиан-2020” тэмцээний хамрах цар хүрээг өргөжүүлэх үү?

-Манай ТББ-ын Удирдах зөвлөл ярилцаад “Дуулиан-2020” тэмцээнд оролцож буй бүх талуудыг оролцуулсан чуулган зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Дуулиан-2020 тэмцээн  2014-2015 оны аварга багуудаа тодруулахаас  гадна улирлын шилдгийн шилдэг тамирчнаар Ерөнхий боловсролын 20-р сургуулийн сурагч Б.Тэмүүжинг тодруулжээ. Өмнө нь тус тэмцээний шилдгээр тодорч байсан А.Мөрөн өдгөө Монголын анхны хөлбөмбөгийн легониор тоглогч болоод байгаа билээ.

 

“Дуулиан-2020” тэмцээний шилдгийн шилдэг тоглогч Б.Тэмүүжин: “Би хөлбөмбөгийн спортоор хичээллээд 7 жил болж байна. Дуулиан-2020 тэмцээнд 11 настайгаасаа эхлэн оролцож  эхэлсэн. Би зөвхөн заалны хөлбөмбөг тоглодоггүй, ногоон талбайд мэргэжлийн клубд харьяалагдаж тоглодог.

 

20-р сургуулиа төлөөлж “Дуулиан-2020” тэмцээнээс өмнө нь хүрэл медаль хүртэж байлаа. Харин энэ жил 17 насны ангилалд баг хамт  олноороо алтан медал хүртэж тэмцээний шилдгийн шилдэг тамирчин болсондоо туйлын их баяртай байна. Жил жилийн шилдгээр тодорч байсан ах нарынхаа амжилтын түүчээг үргэлжлүүлэх болно” гэсэн юм.

 

Тэмцээний хаалтын ажиллагаанд зориулан нийслэлийн удирдлагууд болон ивээн тэтгэгч аж ахуй нэгжүүдийн захирлууд оролцсон нөхөрсөг тоглолт болсон. Тоглолтод хүндэт зочдоос бүрдсэн баг, 15 насны шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолт хийсэн нь тус тэмцээнд шинэ уламжлал тогтоосон юм.

 

Дуулиан-2020 тэмцээний хөвгүүдийн багийн аваргууд

 

11 насны ангилалд -  Хүчит чулуут ХХК ивээн тэтгэгчтэй 24-р сургууль

13 насны ангилалд -    Хас банк ивээн тэтгэгчтэй 40-р сургууль

15 насны ангилалд -   ХХбанк ивээн тэтгэгчтэй 14-р сургууль

17 насны ангилалд -   I Concept ХХК ивээн тэтгэгчтэй 20-р сургууль

20 насны ангилалд -   МҮИС-ийн баг

 

Дуулиан-2020 тэмцээний охидын багийн аваргууд

 

11 насны ангилалд -   Ард даатгал ивээн тэтгэгчтэй 107-р сургууль

13 насны ангилалд -    Миг даатгал ивээн тэтгэгчтэй 92-р сургууль

15 насны ангилалд -   57-р сургуулийн баг

17 насны ангилалд -  41-р сургуулийн баг

20 насны ангилалд -  МУБИС-ийн баг тамирчид тус тус шалгарлаа. 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин