Хамтарсан комиссын XXI хуралдаан болно
2015-04-21

Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан маргааш эхэлнэ.

 

Уг хамтарсан хуралдаан энэ сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аж.

 

Хамтарсан комисс нь Монгол-Оросын төрийн архивуудад хадгалагдаж байгаа урьд өмнө далд, хаалттай байсан түүхийн чухал баримт бичгүүдийг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, эмхэтгэл хийх, архивын ажлын туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зэрэг асуудлаар хуралдана. Түүхийн харилцааны чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гарган олон нийтэд таниулах зэрэг тодорхой чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

 

Тухайлбал, ОХУ-ын төрийн архивуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг хуулбарлан авснаар Үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулахад томоохон ахиц гарсан бөгөөд Оросын талаас нийтдээ 8 мянган хуудас архивын баримтыг шилжүүлэн өгчээ. Мөн комиссын ажлын хүрээнд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Оросын Холбооны Архивын Агентлаг хамтран “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа” эмхэтгэлийн дэд боть болон “Халхын голын дайн” баримт бичгийн эмхэтгэл зэргийг хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон билээ.

 

Түүнчлэн комиссын шугамаар хийгдсэн ажлууд нь түүхэн нөхцөл байдал, улс төрийн шалтгаанаар үүссэн ОХУ-д төлөх их өрийн асуудлыг шийдвэрлэж, улс төрийн хилс хэргээр баригдан ОХУ-д цаазлагдсан Монгол Улсын Ерөнхий сайд нарыг цагаатгах, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухай Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээр байгуулах зэрэг үйл явцад бодитой, эерэг нөлөө үзүүлжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин