Халдлагын үеэр 46 хүн амиа алдав
2015-04-21

Йемений нийслэл Сана хотноо шийт шашны “Хоути” бүлэглэл халдлага үйлдэж, 46 хүний аминд хүрсэн тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Тус бүлэглэл Сана хотын төвд байрлах 11 давхар барилгад дэлбэрэлт зохион байгуулсан байна. Дэлбэрэлтээр 300 гаруй хүн гэмтэж бэртэж, мөн зэргэлдээх барилгууд нь цуурч, хүн амьдрах боломжгүй болжээ.

 

Энэхүү халдлагын дараа Саудын Араб Сана хотноо агаараас цохилт өгчээ. Цохилтын үеэр хэдэн хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн нь тодорхойгүй байна.  Ираны Гадаад хэргийн яам “Саудын Араб улсын цэргийн ажиллагааг эсэргүүцэж, хэт даврагчдыг устгах нэрийдлээр нэг улсыг хүйс тэмтэрч, эрхээ тогтоохыг санаархаж байна” гэж буруутгажээ. Мөн Сана хотын иргэд Саудын Араб улсыг эсэргүүцэж, жагссан байна. Жагсаалд оролцогчид “Хэт даврагчдаас илүү тус улсын цэргийн ажиллагаанаас болж амьдрал нь эмх замбараагүй болж тайван өдөр байхаа больсон” хэмээжээ.

 

Саудын Арабын талаас “Йемений Ерөнхийлөгч Абдулла аль Мансур Хадиг эрх мэдлээ эргүүлэн авах хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжүүлсээр байх болно. Ямар ч улс энэ ажиллагааг буруутгаж, хориг тавихыг хориглож байна” гэж мэдэгджээ. Саудын Араб тус улсад өнгөрсөн сарын 28-наас эхлэн агаараас цохилт өгч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 780 хүн амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин