Тавантолгойн хувьцаа эзэмших иргэдийг бүртгэнэ
2015-04-21

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээ хэлэлцээр хийгдэх асуудлыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. УИХ 72 цаг буюу гурав хоногийн дотор гэрээ хэлэлцээрийн бичиг баримтын бүрдүүлэлт ямар түвшинд байгааг нягтлаж үзэх юм. Энэ хугацаанд ганц, хоёр зүйл дутуу байсныг Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

 

Үүний хүрээнд Засгийн газар хоёр тогтоол гаргасан. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн тухай тогтоол гаргалаа. 2012 оны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч зарим иргэдийг нэрлэсэн үнээр нь Засгийн газарт хувьцаагаа худалдах бололцоо олгох шийдвэр гаргасны үндсэн дээр  нэг сая 504 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан.  Тиймээс  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдээс эдгээр иргэдийн нэрийг хассан.  Гэсэн хэдий ч Засгийн газар хувьцааны төлбөрийг одоо болтол төлөөгүй.

 

Тиймээс иргэд хувьцаагаа буцааж эзэмшье гэсэн хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргасан байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-д Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн юм. Тиймээс Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар эдгээр иргэдийг дахин бүртгэх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг өгчээ.

 

Энэ ажлын хэрэгжилтийг хоёрдугаар улиралд Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Тавантолгой”   компанийн удирдлагад үүрэг болгосон. Үүгээр Тавантолгойн гэрээн дээр дутуу байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн тухай асуудал шийдэгдсэн гэлээ.

 

Ноолуур бэлтгэхэд 100  тэрбум  төгрөг дэмжлэг үзүүлнэ

 

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 19.2 сая ямаанаас 7000 тонн ноолуур бэлтгэсэн. Манай улсад 130 гаруй ноолуурын үйлдвэр ажилладаг байна. Эдгээр үйлдвэр өөрсдийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр жилд ноолуурын 30 орчим хувийг бэлтгэдэг аж. Манай орны улирлын онцлогоос шалтгаалаад 3-6 сарын хооронд ноолуурыг бэлтгэхэд  450-500 тэрбум төгрөг шаардагддаг байна. Гэтэл энэ хэмжээний мөнгө аж ахуйн нэгжүүдэд байдаггүй. Аж ахуйн нэгжүүд  700 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадагш нь гаргадаг байна. Нийт гаргаж байгаа ноолууран бүтээгдэхүүний 85 хувь нь зөвхөн самнасан буюу угаасан ноолуур аж. Тиймээс ноолуурыг дотооддоо боловсруулах, дотоодын үйлдвэрээ бүтээгдэхүүнээр хангахад Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Тиймээс эхний ээлжинд 100 тэрбум төгрөгийг гаргаж, үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгийг дэмжих зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр одоогийн үйлдвэрлэгчдийн бэлтгэж байгаа 3000 тн ноолууран дээр 170 гаруй тонн ноолуурыг нэмж бэлтгэх бололцоог олгожээ. Цаашлаад ноолууран бүтээгдэхүүний хэмжээ ч нэмэгдэх юм байна.

 

Түймэрт өртсөн 44 өрхөд гэр олгоно

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас ой хээрийн түймэрт өртсөн 44 өрхөд иж бүрэн гэр олгохоор шийдвэрлэжээ. Мөн гал түймрийн бүсэд ихээр шаардагдаж байгаа   9 автомашиныг орон нутагт шилжүүлэх, түүнчлэн түймэрт өртсөн бэлчээрийн даацгүй болсон малчин өрхүүдэд 730 тонн өвсийг Сүхбаатар, Төв, Булган, сумын нөөцийн сангаас нийлүүлэхийг зөвшөөрсөн байна. Эдгээр гаргасан өвс, гэр, машин техникийн нөхөн бүрдүүлэлтийг энэ оны 4 дүгээр улиралд багтаан хийхийг Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгажээ. Үүнд шаардагдах 460 сая төгрөгийн Улсын нөөцөөс гаргахыг Сангийн сайдад мөн үүрэг болгосон аж. Дээр нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу түймрээс урьдчилан сэргийлэх болон түймрийн зурвас татах зориулалт бүхий байлдааны 6 ширхэг техникийг ОБЕГ-т шилжүүлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ улс орон даяар ойн түймрээс сэргийлэх ажлыг нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгж өндөр хэмжээнд зохион байгуулахыг тус тус даалгажээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Тавантолгойн төслийг УИХ-д албан ёсоор  өргөн барьсан уу?

 

-Өргөн барьсан байгаа. Харин бичиг баримтыг нь баталгаажуулж байгаа. Иргэдийн хувьцааг дахин бүртгэх, баталгаажуулах асуудлыг шийдвэрлэлээ.

 

-Оюутолгойн итгэлцлийн гэрээг байгуулахаар болсон уу?

 

-Нууцын асуудалтай холбоотойгоор хаалттай хуралдаанаар хэлэлцсэн тул мэдэхгүй байна.

 

-Ерөнхий сайд баасан гаригт мэдээлэл хийгээгүй нь дээрх асуудлуудтай холбоотой юу?

 

-Ерөнхий сайдын биеийн байдал чилээрхсэн  тул тэр өдөр  мэдээлэл хийгээгүй.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hezee yaj burtgeh ym bol haana burtgeh we
2015-04-22
Зочин:
Эзэмших хүмүүс нь эзэмшээд бусад нь дэмий шүү дээ
2015-04-21
Зочин:
harin tiimee
2015-04-21
1234:
chimeegui baij bgad sonyyli duhuhuur ingedeg ym irged ch hyyrtagdaj dyysahgui ym da
2015-04-21
Зочин:
harin tiimee