Мексик улстай дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэв
2015-04-21

Монгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл энэ сарын 15-18-нд Мехико хотноо ажилласан байна.

 

Элчин сайд Б.Алтангэрэл Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Карлос Иказатай уулзаж, монголын тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирснийг тэмдэглэж, хоёр орныхарилцааг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, уул уурхайн салбарт хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

 

Элчин сайд мөн Мексикийн Сенатын Гадаад харилцааны Ази, Номхон далайн хорооны дарга Сенатор Т.Корзо, Мексикийн Депутатуудын Танхимын гишүүн, Мексик-Монголын парламентын Найрамдлын бүлгийн дарга хатагтай Д.Барсенас болон бүлгийн гишүүдтэй тус тус уулзаж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

 

Тэмдэглэлт ойг тохиолдуулан Мехико хотноо зураач Д.Цолмонгийн “Монгол хийморь” нэртэй уран зургийн үзэсгэлэнг гаргаж, үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын урлагийн төлөөлөгчид Монгол ардын дуу хуур, бүжиг, уран нугаралтын үзүүлбэр тоглолт үзүүлэв.

 

Үзэсгэлэнг Мексикийн парламентын гишүүд, Гадаад хэргийн яам, Соёлын яам, Аялал жуулчлалын яамны төлөөлөл бүхий 200 шахам зочид үзэж сонирхсон байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин