Хөдөлмөрийн бирж, МСҮТ –ээс ажилтан авбал урамшуулна
2015-4-22

Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор Хөдөлмөрийн сайд С.Чинзориг салбар бүрийн төлөөллийг хүлээн авч хөдөлмөрийн салбарт ялангуяа гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд барьж буй бодлогоо танилцуулах цуврал уулзалтыг хийж байгаа аж. Тэрбээр өчигдөр уул уурхайн, зам барилга, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцсон юм.

 

Энэ удаагийн уулзалтад “Самсунг Си энд Ти” корпораци, “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг”, “Эс Си Ти И Си Эм”, “Ван-Үрс”, “МЦУУ”, “Итайкар”, “Иххүрэн хар”, “Тавантолгой шин”, “Монпорт”, “Бумантрейд”, “Дөрвөн зам транс”, “Омогт цагаан шонхор транс”, “Доншен газрын тос Монгол”, “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол”, “Импайр Газ Монголиа”, “МАК”, “Мөнхийн баян гал”, “Чайна Металуржикал Тиангонг Констракшн Монголиа”, “Шинь шинь” зэрэг 30 шахам компани оролцлоо.

 

Гадаадаас авч буй ажиллах хүчний тоог нэмэхгүй байх бодлого барина

 

Уулзалтын эхэнд гадаадаас ажиллах хүчин авч байгаа асуудалтай холбоотой асуудлаар ярилцсан юм. С.Чинзориг сайд “Бид эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед гадаадаас авч буй ажиллах хүчний тоог нэмэхгүй байх бодлого барина. Монгол Улс жилдээ 25-28 мянган хүн гаднаас авч байна. Энэ тоо сүүлийн арваад жил өөрчлөгдөөгүй.

 

Гэтэл яг ийм хэмжээгээр бид дотоодын ажиллах хүчээ ажлын байраар хангаж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс ирэх жилээс эхлээд энэ тоог бууруулах тал дээр онцгой анхаарч ажиллахаас аргагүй. Үүний тулд та бүхэнд энэ жил авсан гадны ажиллах хүчнийхээ 30 хүртэлх хувьтай тэнцэх тооны монгол хүнийг Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдээс авч гадныхныг дагалдуулан ур чадвар, технологи эзэмшүүлэх шаардлагыг тавьж ажиллана.

 

Ирэх онд гаднаас авах ажиллах хүчний квотыг энэ жилийнхээс 30 хүртэл хувиар буулгаж олгоно. Гэхдээ үүнийг бид та бүхнээс зүгээр л шаардаад шахаад суухгүй. Боломж бололцоогоороо дэмжиж ажиллах юм. Тухайлбал, Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдээс авч МСҮТ болон өөрийн сургалтын баазад түшиглэн сургаж дадлагажуулан ур чадвартай болгосон тохиолдолд сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгох боломжтой.

 

Мөн Хөдөлмөрийн биржээс авч, сургаад ажилтай болгосон тохиолдолд хуулийн дагуу тухайн ажилтны зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгох бололцоо ч бий. Тиймээс яг энэ чиглэлд та бүхэн манай яамтай хамтраад гэрээ байгуулаад ажиллахыг санал болгож байна” хэмээн ярьсан юм. Гэрээний биелэлт ирэх онд ажиллах хүчний квот авахад гол шалгуур болно гэдгийг ч дуулгасан.

 

Ажиллах хүч оруулж ирэхээр зөвшөөрлийг шилжүүлэх боломжгүй

 

С.Чинзориг сайд энэ үеэр компаниуд БНХАУ-аас ажиллах хүч авах гэрээг өөрсдөө явж хийдэг хүндрэлтэй тогтолцоог өөрчилнө гэдгийг хэлсэн. Манайд гаднаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв хариуцдаг.

 

Цаашдаа Хятадаас авах ажиллах хүчний асуудлыг ч мөн энэ газар хариуцаж, БНХАУ-ын төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж байх юм байна. Түүнээс гадна гадаадаас ажиллах хүч авах гэдэг бараг бизнес хэлбэртэй зүйл болсныг яг одооноос таслан зогсоож байгааг сайд анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, ажиллах хүч оруулж ирэхээр зөвшөөрөл авсан компани бусаддаа шилжүүлэх боломжгүй болсон. 

 

Хэн нэгний авсан зөвшөөрлөөр өөр компанид ажиллах хүнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Тиймээс “Хэрэв танай ажил дууссан бол хүмүүсээ гарга, өөр хэн нэгэнд хэрэгтэй бол материалаа ном журмынх нь дагуу бүрдүүлээд ханд. Бид аль болохоор чирэгдэлгүйгээр асуудлыг шийдээд өгөхөд анхаарна” хэмээж байлаа. Энэ бүх асуудлыг зохицуулж Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг ч сайд хэлж байлаа.

 

Гадаад, монгол ажилтны цалинг ялгааг арилгах заалтыг хуульчилна

 

Уул уурхай хөдөлмөрийн зах зээлийн хамгийн шингээлт багатай салбар гэдгийг С.Чинзориг сайд онцолсон. Хөдөлмөр эрхэлж буй 1,1 сая хүний ердөө 3,5 хувь нь энэ салбарт ажилладаг. Тэгсэн хэрнээ гаднаас авч буй ажиллах хүчний 20 хувь нь уул уурхайн компаниудад ногдож байгаа. Тиймээс гаднаас авах ажиллах хүчний тоог багасгаж үндэсний боловсон хүчнээр салбараа хангахад чиглэсэн бодлого явуулахын хамт хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг чанд сахиж ажиллах тал дээр онцгой анхаарах ёстойг сайд хэлж байлаа.

 

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослоор уул уурхайн салбарт 10 хүн амиа алдсан гэнэ. Тиймээс УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж буй хүмүүсийг даатгалд хамруулах, амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг нэмэх гэхчилэн хэд хэдэн заалтуудыг шинээр тусгасныг сайд уулзалтад оролцогчдод  товч танилцуулсан.

 

Мөн шинэчлэн боловсруулж буй Хөдөлмөрийн тухай хуульд  гадаадын хөрөнгө оруулалттай компанид байдаг гадаад, монгол ажилчдын цалингийн ялгааг арилгахад чиглэсэн адилхан ажил хийж буй бол адил хэмжээний цалин авдаг байх заалт оруулж буй аж. Гэхдээ энэ нь тухайн ажилтны ур чадвартай хамаатай байх учраас монголчуудын ур чадварыг дээшлүүлж гаднаас авсан мэргэжилтэнтэй дүйх хэмжээний байх тал дээр анхаарах ёстойг С.Чинзориг сайд ярьсан.

 

Мөн уг хуульд уул уурхайн салбарт түгээмэл болсон хөдөлмөрийн гурвалсан харилцааг зохицуулах, жасаагаар буюу гэрээсээ хол, удаан хугацаагаар ажилладаг хүмүүсийн ажил амралтын цагийг зохицуулахгэхчилэн ажил олгогч, ажилтан аль алиных нь эрх ашгийг хамгаалахын хамт үүргийг тодорхой болгож тэнцвэржүүлсэн байдлаар хуулийн төслийг боловсруулсныг танилцуулсан.

 

Ур чадвар эзэмшүүлэхээс гадна хөдөлмөрлөж сургах гэдэг том ажил юм байна

 

Монгол залууст ур чадвар эзэмшүүлэхээс гадна тэднийг хөдөлмөрт бэлтгэх сургалтыг явуулах хэрэгтэй. Монголчууд ажил хийх дургүй, хэдхэн хоног ажиллачихаад алга болдог, ажил тасалдаг, хөдөлмөрлөх эрх үүргийнхээ талаар ямар ойлголтгүй гэсэн шүүмжлэл их явдаг. Үүнийг арилгахын тулд магадгүй хөдөлмөрлөж сурахад бэлтгэх нэг төрлийн үйлчилгээ шаардлагатай юм байна гэж бодогдоод байгаа” хэмээсэнтэй уулзалтад оролцогчид санал нэгдэж байсан. 

 

Сайдыг дээрх мэдээллийг хийсний дараа уулзалтад ирсэн компанийнхан хуульд орж буй өөрчлөлтүүдээс гадна гаднаас авах ажиллах хүчний асуудал дээр барьж буй сайдын бодлоготой холбоотойгоор саналаа хэлж, зарим асуултдаа хариулт авсан юм.

 

-Сургалтуудыг үнэхээр сайн явуулах хэрэгтэй байна. Манайх өдрийн гурван хоолтой, байраар хангадаг, сардаа 800-гаас сая төгрөгийн цалин өгнө, нийгмийн даатгал төлнө гэхэд л Хөдөлмөрийн биржээр дамжуулаад авсан хүн гурав тав хоноод алга болдог. Тиймээс энэ хандлагыг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлд буй ажиллах хүчнээ сургах тал дээр салбарын бодлого хандах ёстой байх.

 

-Аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт гэж толгойны өвчин болоод байна. Жижиг асуудлаар хүрч ирээд үйл ажиллагаа хаах хүртэл томруулаад ажилд их саад болох юм. Тиймээс аливаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр хяналт шалгалтаа хийдэг байх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

 

-Гаднаас авч буй ажиллах хүчнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах гэж бэрхшээлтэй асуудал байдаг. Гаднаас ирж буй хүмүүс нутагтаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт орчихоод ирдэг байхад энд яг тэр шинжилгээнүүдийг давхардуулан авахдаа заавал улсын эмнэлэгт хандах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл манай компанийн хувьд Дорноговийн Даланжаргаланд 1000, Мандах суманд 500 ч юм уу хүн авчирсан байлаа гэхэд бүгдийг нь Сайншандын нэгдсэн эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамруулах ёстой болдог.

 

Тэр олон хүнийг нэг өдөрт багтаагаад үзээд шинжилчих боломж аймгийн эмнэлэгт байхгүй. Түүнээс болоод буудлын мөнгө, хоол унааны зардал компаниас гаргахаас гадна хугацаа их ордгоос хуульд заасан 21 хоногт амжаагүй гээд торгууль төлөх болдог гээд бэрхшээл их гардаг. Энэ тогтолцоог шинэчлэх боломж бий юу.

 

-Манайх замын компани. Орон нутгаас хүмүүс аваад улирлаар ажиллуулчихдаг юм. Ийм нөхцөлд  таны ярьсан урамшууллыг авах боломжтой юу гэхчилэн олон асуулт тавьж, саналаа хэлсэн юм.

 

П.Наран 

Shuud.mn
Сонин хачин