Ази, Африкийн сайд нарын уулзалтад оролцож байна
2015-04-22

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Индонезийн Жакарта хотноо энэ сарын 21-24-д болж буй Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Ази, Африкийн сайд нарын уулзалтад оролцож байна.

 

Уг арга хэмжээнд Ази, Африкийн 37 орны Гадаад хэргийн сайд нар оролцож, хоёр тивийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааг эрчимжүүлэх хүрээнд сайн засаглал, авилгатай тэмцэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, хүйсийн тэгш байдал зэрэг олон асуудлыг тусгасан төгсгөлийн баримт бичгүүдийн төслийг хэлэлцэж байгаа аж.

 

Улс төрийн талаас бие биенээ хүндэтгэн, харилцан дэмжсэн, эдийн засгийн талаас тогтвортой байдал, чадавхийг хөхиүлэн дэмжсэн түнш байх зорилго бүхий Бандунгийн Бага хурал нь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн суурийг тавьсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд оролцож байгаа нь бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ манайд ач холбогдолтой асуудлуудад эдгээр механизмийн дэмжлэгийг авах ач холбогдолтой юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин