АНУ-ын цэргүүд Украинд ирлээ

АНУ-ын 273 цэрэг Украины армитай цэргийн сургуулилт хийхээр хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хоёр улсын хамтарсан хүчин ирэх аравдугаар сар хүртэл цэргийн сургуулилт хийнэ гэж АНУ-ын Бригадын генерал Кайль Рийд “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр “АНУ-ын цэргүүд Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид болон Оросын талыг баримтлагчидтай тулалдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Зөвхөн тус улсын армийнханд зөвлөгөө өгөх, хамтарсан сургуулилт зохион байгуулахаар болсон” гэж хэлжээ.
Сургуулилтад ирсэн цэргүүдийн дунд Иракт тулалдаж байсан туршлагатай цэргүүд багтсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн байна. “Эхний ээлжинд АНУ-ын Батлан хамгаалах яам 273 зөвлөх цэргээ илгээсэн. Энэ тоо 1000-д хүрнэ” хэмээн эх сурвалж мэдэгджээ.
АНУ-ын цэргүүд Украинд нэвтэрсэний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Өдөөн хатгалга. Энэхүү үйл явдлын улмаас “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ зөрчигдөх эрсдэлтэй” хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгч Барак Обамагаас тайлбар шаардсан байна.
Обама Украинд цэргээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байсан ч бодлоо өөрчилсөн шалтгаанаа “Салан тусгаарлагчдыг нэг улс зэвсгээр хангадаг. Бид энэ бүхнийг хараад суухыг хүсэхгүй байна” гэж хэлжээ. “Их Британийн явган цэргүүд энэ ондоо багтаж сөргөлдөөний бүсэд нэвтрэх болно” гэж Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ