Мурсид 20 жилийн ял оноов

Өнгөрсөн 2013 оны долоодугаар сард Засгийн эрхээс буусан Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн шүүх хурал өчигдөр Каир хотноо болжээ. Шүүхээс экс Ерөнхийлөгчид 20 жилийн хорих ял шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнд цаазаар авах ял оноож магадгүй хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч Мурсид 20 жилийн хорих ял оноож, Каир хотоос холгүй байрлах шоронд хорихоор болсон байна.
Шүүхийн шийдвэрийн дараа өнөөгийн Ерөнхийлөгч, генерал Абдул Фаттах аль Сиси “Мухаммед Мурси Египетийн хоёр хуваасан” гэж хэлжээ.
2012 онд Каир хотноо болсон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тарааж, улмаар олон хүний амь насыг хохироосон хэмээн Мурсиг буруутгасан билээ. Мурсигаас гадна “лалын ахан дүүс” хөдөлгөөний 14 гишүүнд 15-20 жилийн хорих ял шийтгэсэн байна. Өнгөрсөн даваа гаригт Египетийн шүүх тус хөдөлгөөний 22 гишүүнд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэсэн юм. Цаазаар авах ял сонссон хүмүүсийн дунд “Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүн Назем Абу Исмай багтжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ