ХААН Банк “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ” өргөмжлөл хүртлээ
2015-04-23

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг хэд хэдэн голлох үзүүлэлтээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулан өргөмжлөх ёслолын арга хэмжээ 04-р сарын 22-ны өдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

 

 

Тус арга хэмжээнээс ХААН банкийг Монгол улсын 2014 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн эхний ГУРАВДУГААР-т шалгаруулан цом, өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХААН банкны гүйцэтгэх захирал Норихико Катод гардууллаа. Энэ удаагийн шалгаруулалтыг Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсэг тодорхой тоон үзүүлэлтүүдэд тулгуурлан явуулсан нь энэ жилийн онцлог байлаа.

 

Тус үйл ажиллагааны үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав  “Монгол Улсын төрийг, ард түмний амьдралыг авч явдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийг Засгийн газрын харьяа агентлагуудын албан ёсны судалгаагаар гарсан тоон үзүүлэлтийн дагуу тодрууллаа.  Ерөнхий сайд баялаг бүтээгч нарт хүндэтгэл үзүүлж ёслолын үйл ажиллагаанд оролцож байна. 2014 онд ТОП-100  аж ахуйн нэгжийн борлуулалт 17 их наяд төгрөг болсон нь манай улсын ДНБ-ий 70-80 хувь юм” гэдгийг онцлов.

 

ХААН банкны хувьд улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан бодит хөрөнгө оруулалт хийж, ажлын байрны орон тоог жил ирэх бүр нэмэгдүүлж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол  анхаарал хандуулан ажилладгаас гадна нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн ажилласаар ирсэн юм.

 

ХААН банкинд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, амжилтын төлөө хамтдаа тэмүүлдэг 5700 гаруй ажилтнууддаа баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин