Өр нэмэхгүй гэж худлаа хэлэхээ боль
2015-04-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн юм.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Би энэ төслийг дэмжихгүй байгаа. МАН, АН хоёр хамтрахдаа гадаадын өрийн хэмжээг нэмэхгүй гэсэн. Тэр үед гадаад өр ДНБ-ий 46 хувьтай байсан. Дараагаар нь Засгийн газар байгуулагдахад өр ДНБ-ий 53 хувьд хүрсэн. Ингээд энэ жил гадаад өрийг ДНБ-ий 58.3 хувьд байхаар баталсан. Дэлхийн банк Монголын өрийн хэмжээ ДНБ-ий 77 хувьд хүрсэн гэж тооцоолсон байсан. Дэлхийн банкны судалгаа үнэн байдаг. Өөр өөрсдийгөө гурилдан хуурч болохгүй.  Орлогоороо зээлээ нөхнө гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Дураараа дургиж болохгүй. Ард түмнээс хамтрахдаа өрийг нэмэгдүүлэхгүй гэж худлаа хэлсэн гэдгээ баталчих. Муу нуухаар сайн үнэнээ хэл. Төмөр замыг хувийн компаниуд барих гэж байхад замаас нь тасалсан. Ингээд 200 сая ам.доллар бондын мөнгөнөөс гаргачихаад аманд ч үгүй, хамарт ч үгүй болгочихоод байна. Энэ Засгийн хугацаа ердөө ганцхан жил. Бүх насаараа сайдын суудал суучихсан юм шиг улсыг өрөнд оруулах гээд байна. Яасан их үнэтэй засаг вэ. Казино байгуулна л гэнэ.

 

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Би энэ хуулийг дэмжихгүй байна. Сангийн сайд төмөр зам, эрчим хүчээ хэзээ барих вэ. Өнөөгийн алдагдал өрийн хэмжээнд барихгүй гэж байгаа нь үнэн. Одоо үнэнд гүйцэгдлээ. Төсвөөс гадуурах санхүүжилт зайлшгүй байсан. Бид бүгдээрээ үүнийг хийсэн. Төсвөөс гадуур эдийн засагт хөрөнгө оруулах шаардлага зайлшгүй байсан юм. Үүнийг буруу байсан юм шиг эргэж ярьж хэрэггүй. Том төсөл хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Гэхдээ асуудалд хандаж байгаа хандлага чинь хоёр өөр байна. Өрийн таазад зохиомлоор хандаж болдоггүй гэдэг дээр бүгдээрээ санал нэгдлээ. Харалган улстөр хийх нь улс орныхоо хөгжлийг их хохироох юм байна. Ажил хэрэгчээр сэтгэвэл “бид ч мөн холиосон байна даа” гэдэг дүгнэлт өөрийн эрхгүй гарна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа сайжруулах шаардлага байна гэвэл болно. Туулсан зам мөрөө эргэж харъя.

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Би хуулийн төслийг дэмжиж байна. Сонгууль болоод дууссаны дараа холимог бүлэглэлийн асуудал гэж байх ёсгүй. Зээлийн асуудлыг зээлдэгч, зээлдүүлэгч хоёр л шийддэг. Хажуунаас нь хэн нэг хүн ороод тайлбар хийгээд явдаггүй. Төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулж байгаа мөнгөн дүнг харахаар үсрээд нэг тэрбум  ам.доллар л байна. Бид эдийн засгаа тэлж, төмөр замаа тавьж, цахилгаан станцаа баримаар байдаг. Үүнд улс суурьтай хандах ёстой. Төмөр замын хувьд ч хувийн хэвшил, концессийн зарчмаар ажиллах хэрэгтэй. Өнөөдөр ямар нэг зээлийн асуудал шийдэж өгөх гэж байгаа биш. Засгийн газрын зүгээс шаардлагатай тохиолдолд баталгаа гаргаж өгөх эрх зүйн орчныг гаргаж өгөх гэж байна. Бид зээлийн орчноо ч бодолцох хэрэгтэй.

 

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Өр эрсдлийн хэмжээнд очоод байна. Одоо  цалин тэтгэврээ зээл авч тавьж байгаа. Ингэхээр Монгол Улс цаашдаа яаж хөгжих юм бэ? Сайханбилэг Ерөнхий сайд аа, тархи толгойноосоо зээл гэдэг үгээ аваад хаячихаач. Зээлийн төлөө хууран мэхлэлтээр явж байна. Монгол Улс хөгжье гэвэл хөрөнгө оруулалтаа дэмж. Төр бүх зүйлд оролцоно гэвэл хувийн хэвшлийнхэн санаачлага гаргахгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар худал хуурмагаар дүүрэн байсан. Төсөв  худлаа, мэдээлэл ил тод биш, нууц. Ингэхээр улс орон яаж хөгжих вэ.

Ийнхүү гишүүд саналаа хэллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин