Хасбанк Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээс долоо дугаарт эрэмбэлэгдлээ
2015-04-23

Монгол улсын Засгийн Газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах 14 дэх удаагийн ёслолын арга хэмжээ 2015 оны 4-р сарын 22-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт боллоо. Энэ жилийн шалгаруулалтын гол онцлог нь Сангийн яам, Үндэсний Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хорооны хамтарсан ажлын хэсэг гаран, тодорхой тоон үзүүлэлт дээр тулгуурлан өргөмжилсөнд оршино.

 

Энэхүү шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас  ХасБанкыг үндэсний хэмжээний шилдэг 100 Аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгарууллаа. Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд банк санхүүгийн байгууллагуудын оролцоо өндөр бөгөөд энэ нэр хүндтэй үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж буйг үнэлэн ХасБанкыг шилдгүүдийн нэгээр өргөмжилсөн юм.

 

Энэ дашрамд, ХасБанк өөрийн сайн уламжлал дээрээ суурилсан Брэндийн цогц шинэчлэлийг хийж үйлчилгээнийхээ агуулга, зорилгыг шинээр тодорхойлж, түүндээ нийцүүлэн өнгө төрх, сүлд бэлгэдлээ шинэчилсэн төдийгүй харилцагч, үйлчлүүлэгчдэдээ санхүүгийн үйлчилгээг илүү тохь тухтай орчинд үзүүлэхээр зарим салбараа шинэлэг шийдлээр иж бүрнээр нь засч тохижуулан үйлчилгээгээ үзүүлж эхлээд байна.

 

ХасБанк Монгол Улсын банк санхүүгийн салбарт дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлж, бүтээгдэхүүн төвтэй үйлчилгээнээс харилцагч төвтэй үйлчилгээнд шилжин, банкны салбарын хөгжилд цоо шинэ хуудас нээгээд удаагүй байгаа энэ үед энэхүү шагналыг гардан авч, шилдэг 100 ААН-ийн долоод эрэмбэлэгдсэн нь Хасчууд бидний хувьд онцлох үйл явдал болж байна.

 

ХасБанк ямагт шинэ бүхнийг санаачлан хүргэхээр мэргэжлийн ур чадварыг нэн тэргүүнд тавьж, харилцагчдаа дэмжин, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх итгэл даах анд нь байж, харилцагчдынхаа хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэн эх орныхоо үсрэнгүй хөгжлийн төлөө урт хугацаанд, тогтвортой өсөн дэвжих замыг хамтдаа туулахын төлөө зорилго тавин ажиллаж байна.

 

 

ХасБанк - Амьдралд ашид хамтдаа

Shuud.mn
Сонин хачин