ХХААЯ 18 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ
2015-04-23

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж   байна.

 

Харин Дашбалбар сумын түймрийг өчигдөр бүрэн унтрааж цурманд оруулсан гэсэн сайн мэдээ  байна. Дээрх хоёр түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд долоо хоногийн турш ажиллаж байгаа юм.

 

Тэдний галтай тэмцэх хамгийн гол багаж болох үлээгч аппарат нь шатахуунаар ажилладаг бөгөөд аймаг, сумын нөөц сангаас гаргасан шатахууны нөөц дуусч, ШТС-уудаас зээлээр авч эхэлсэн билээ.

 

Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Улаанбаатар хотоос хөдөлж, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлсэн байна.  

 

Тэд газар дээр нь очиж, түймрийн болон сум орон нутгийн нөхцөл байдал ямар байгааг харж, улмаар үлээгч аппаратанд шаардлагатай шатахуун худалдаж авахад нь зориулж 18 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн нь нүдээ олсон хэрэг боллоо гэж сумын Засаг дарга нар хэллээ. 

 

Мөн хүнсний үйлдвэрүүдээс цагаан будаа, гоймон, овьёос, гурил, дөрвөн төрлийн малын эм бэлдмэл бүтээгдэхүүн өгсөн нь тэвдэж байх үед сэтгэлийн дэм болж буйг нутгийн иргэд хэлж байна.

 

Түймрийн голомт бүхий сумдад 25 метр секундийн салхитай байгаа тул хэдий цурманд оруулсан ч хилийн хэсгээр ОХУ-ын  талд түймэр  намжаагүй  ой  модондоо асч тул салхины аясаар байнга орж ирж байна. Тиймээс хилийн зурвас дээр галыг намжаах арга хэмжээ авсаар байгаа юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Мөнгөн тусламж үзүүлж байгаа нь сайн хэрэгч хүмүүсийн цалингаас зөвшөөрөлгүйгээр суутган хууль зөрчиж улс төрийн шоу хийх нь тэгээд ариун явдал юм байх даа.
2015-04-24