Нэрийн дансны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
2015-04-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

 

Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх талаар үе үеийн Засгийн газраас  анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

 

Тухайлбал, УИХ-аас  1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна.  Энэхүү хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр  болон түүнээс  хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцон төлсөн шимтгэлийг нэмж, цалингийн өсөлтийн хэмжээгээр хүү бодон нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлоход оршдог.  2013 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлсэн болно. Уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болсон байна.

 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22,5 жилээр тогтоожээ.  2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх  15 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзжээ. Ингэхэд  зарим даатгуулагчийн 1 сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа аж.

 

Тиймээс Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 1 зүйлтэй боловсуурлжээ.  Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгасан байна.

 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, саналаа хэллээ. Үүний дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн санал хураалт явуулсан юм. Гишүүдийн олонхийн саналаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

Үүний дараагаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин