Монгол эр хүний үнэлэмж унажээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр сууриа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:
-Монгол эр хүний үнэлэмж унажээ. Тиймээс өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэж байна. Монгол эр хүний үнэлэмж төрийн бодлого болж явах ёстой. Гэр бүлээ авч явах ноён нуруутай, боловсролтой байх ёстой. Энэ талын зохицуулалтыг хуулиндаа хэрхэн оруулах ёстой.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь ахуйн хүрээний гэмт хэрэг. Манайх уламжлалт ойлголтоор эхнэр, нөхрийн хүрээнд ойлгодог. Төрийн болон төрийн бус байгууллагын иргэдийн уялдаа холбоог нарийн гаргаж өгөөгүйгээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хүлээлт олон нийтийн дунд байна. Энэ хууль зайлшгүй гарах ёстой. Ингэхдээ гэр бүлийн бус гэмт хэргийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг яаж авах вэ гэдэг уялдаа холбоог хангаж өгөх ёстой. Хуулиар хорино, цагдана, шийтгэнэ гэхээсээ илүүтэй гэр бүлээ хамгаалж байгаа тал дээр суурилж байгаа гэдгийг хүлээж аваарай. Энэ төрлийн гэмт хэрэг гаргахгүй байлгах тал дээр хорооны нийгмийн ажилтан, цагдаа нар хууль хэрэгжүүлж, сахиулж ажиллах ёстой юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа хамтатган хэлэлцээд явбал ямар вэ? УИХ-д монгол хүний хөгжлийн бичиг баримт боловсруулагдаж байна. Хариуцлагын хүрээнд хань ижил, үр хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй болгосон этгээдийг ял эдлүүлэхээс гадна тэтгэмж олгуулах асуудлыг тусгах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг соён гэгээрүүлэх тал дээр ахлах ангийн сурах бичигт оруулах ёстой.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хуулийг цаашдаа тогтвортой хэрэгжих баталгаа нь Тахарын алба. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал аюул нь хаалттай байдаг. Эрсдлийн нөхцөл байдалд хамгаалалт шаарддаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой олон ажил Засгийн газар дээр яригдаж байсан. Нөлөөллийг хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг олон асуудал байна. Албадлагын арга хэмжээ маш чухал. Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх шалтгаан нь архидалттай холбоотой. Албадан эмчилгээнд явуулах, сургалтад суулгах хэрэгтэй. Ажиллах хөлтэй байлгахын тулд зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй.
Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хруаалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаа уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Одоо чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ