Боксчид ганзага дүүрэн ирлээ
2015-04-27

Манай улсын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Индонез улсын Палембанг хотноо болсон "Ерөнхийлөгчийн цом" А зэрэглэлийн олон улсын тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ.

 

Манай тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв. Залуу тамирчин спортын мастер Э.Цэндбаатар /56 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/ нар аваргын алтан медалийг зүүсэн юм. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д тулалдсан ОУХМ М.Нандинцэцэг, ОУХМ Д.Отгондалай /60 кг/ нар мөнгөн медалийн эзэд болов. Хүрэл медалийн тавцанд ОУХМ Г.Ганэрдэнэ /49 кг/, ОУХМ О.Сувдэрдэнэ /Эм 60 кг/, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар зогслоо.

 

Тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Энхтайван нар Монгол Улсын шигшээ багийг удирдан оролцсон билээ.

 

Энэхүү тэмцээн нь манай тамирчидын хувьд ирэх 8  дугаар сард Тайланд улсын Бангкок хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон 10 дугаар сард Катар улсын Доха хотноо зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ бэлтгэх зорилгоор халуун бүсийн орныг сонгон оролцсон тэмцээн аж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө манай тамирчдыг ОХУ ,Куба, Герман зэрэг оронд болох 4 тэмцээн хүлээж байна. Олимпын эрх олгох эхний тэмцээн 10 дугаар сарын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид л олимпын эрх авах хатуу болзолтой.

 

Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

 

Б.Бэхи
 

Shuud.mn
Сонин хачин