Н.Мөнхсоёл: Аливаа асуудалд сэтгэлийн хаттай ханддаг болсон
2015-04-27

“Мөрдөгч” олон ангит киноны дэслэгч Гэрэлмаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчинН.Мөнхсоёлтой ярилцлаа.

 

 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргье. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаад байна даа?

 

-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчдадаа шинэ долоо хоногийн мэндийг дэвшүүлье. Шинэ уран бүтээлээсээ дурьдвал, удахгүй үзэгчдийн хүртээл болох “Хамтдаа” уран сайхны кинонд Алгирмаа хэмээх сэтгүүлч бүсгүйн дүрд тоглолоо. Мөн ирэх тавдугаар сард нээлтээ хийх “Зангараг” хэмээх адал явдалт кинонд дүр бүтээлээ.

 

 

-Та тайзны уран бүтээл гэхээсээ илүү дэлгэцийн уран бүтээлд нэлээд тоглосон байдаг. Цаашид тайзны уран бүтээлд тоглох бодол бий юу?

 

-Байлгүй яахав. Гэхдээ одоо биш. Миний хувьд оюутан байхаасаа л дэлгэцийн уран бүтээлд ажиллана гэж боддог байсан. Багш нар маань ч гэсэн тэр тал руугаа илүү зөвлөдөг байсан. Удахгүй цэнхэр дэлгэцээр үзэгдэд хүрэх “Хамтдаа” уран сайхны кинод миний багш Батнайрамдал ерөнхий найруулагчаар ажилласан байгаа. Энэ кино багштайгаа хамтран хийсэн анхны уран бүтээл байлаа.

 

Яахав, зарим нэг продакшинуудаас “Манай хамтлагт орж тайзны уран бүтээл хийгээч” гэсэн санал ирдэг. Миний хувьд одоохондоо чөлөөт уран бүтээлч байгаад дэлгэцийн уран бүтээлд тоглох сонирхолтой байгаа. Жаахан туршлага хуримтлуулаад ирэхээрээ тайзны уран бүтээлд тоглоно /инээв/.

 

 

-Таныг “Мөрдөгч” олон ангит киноны Гэрэлмаа гэх цагдаа бүсгүйн дүрээр манай уншигчид илүү мэднэ. Тус дүрийг бүтээхэд хэр хүндрэлтэй байв?

 

-“Мөрдөгч” кинонд  тоглоод цагдаа, хүчний байгууллагын ажилтан, албан хаагчид ямар хүнд нөхцөлд ажилладаг юм бэ гэдгийг ойлгосон. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд цан наргүй, тэсвэр тэвчээр шаардсан үнэхээр хүнд ажил юм гэдгийг үнэхээр их ойлгосон. Уг кино нийт 40 ангитай шүү дээ. Дүрээ бүтээхийн тулд судалгаа хийдэг. Энэ явцад цагдаагийн албан хаагчдын жаргал, зовлонг бага ч болов биеэрээ мэдэрсэн.

 

 

-Та дэслэгч Гэрэлмаатай хэр ойрхон ааш араншинтай вэ?

-Киноны зохиолоо анх уншаад Гэрэлмаа бүсгүй надад маш ойр буусан л даа. Миний зан характер Гэрэлмаатай их төстэй. Би чинь гаднаасаа эмэгтэйлэг харагддаг боловч, ааш зан маань бага зэрэг эршүүд, шулуун шударга зантай /инээв/. 

 

 

-Таны бодлоор сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

 

-Мэдээж гаднаасаа ч, дотроосоо ч сайхан байдаг хүнийг хэлнэ.

Тухайлбал, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, зөв бодолтой, сайхан сэтгэлтэй, гаднаасаа ч биеэ гоё авч явдаг хүнийг сайхан гэх байх. Үүнд эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн ялгаа байхгүй. Хамгийн гол нь дотроосоо өөрийгөө хурцалж, эрч хүчтэй, хөдөлмөрч байдаг эмэгтэйг би сайхан гэж хэлнэ.

 

Ер нь хүнд дүр эсгэсэн, худлаа ярьдаг зан чанар огт хэрэггүй.

 

 

-Ямар дүр бүтээх юмсан гэж битүүхэн мөрөөддөг вэ?

 

-Манай жүжигчид ихэнхдээ түүхэн кинонд тоглох юмсан гэж ярьдаг юм билээ. Харин миний хувьд, их сонин. Эрэгтэй хүний дүрд тоглож үзэхийг хүсдэг. Сүүлийн үед манайд мундаг мундаг make-up, нүүр хувиргагчид олон болсон. Тэднийхээ тусламжтайгаар гадаад төрхөө эрэгтэй болгож, дотроосоо эрэгтэй хүний дүрийг өөрөөрөө тогломоор байна.

 

 

-Яг эрэгтэй хүний үйл хөдлөлийг хийж, тоглож чадах уу?

 

-Чадна аа.  Үйл хөдлөл, дуу хоолойг нь дууриаж тоглож чадна. Ийм дүр бүтээх юмсан гэж хүсч байна.

 

 

-Сонирхолтой хариулт байна. Н.Мөнхсоёл олон ах, эрэгтэй дүүтэй юу?

 

-Үгүй. Тэр талаасаа биш. Жүжигчны ур чадвар шаардсан, өөрөөсөө тэс өөр дүр бүтээхийг хүсч байгаа юм. Өөрөөсөө тэс өөр хүний дүрийг бүтээвэл, илүү ур чадвартай сайн жүжигчин болж байгаагын илрэл гэж боддог. Түүнээс биш би айлын бага охин. Дээрээ нэг эгч, нэг ахтай. Эрчүүд дунд бол өсөөгүй.

 

 

-Цахим ертөнцөд таны талаар таатай, таагүй зүйлүүд нэлээд бичигддэг. Тэдгээр мэдээллийн дор таны тухай сэтгэгдэл багагүй байдаг. Энэ асуудлыг хэр эмзэг хүлээж авдаг вэ?

 

-Би анх оюутан байхдаа Цогтбаатар найруулагчийн “Оюутны нууц амраг” уран сайхны кинод тоглосон. Түүнээс хойш хэд хэдэн кинонд тоглосон л доо.  Гэтэл сошеал медиагаар миний тухай үнэн зөв гэхээсээ илүү сөрөг мэдээлэл гарах болсон.

 

Уг сөрөг мэдээллүүдийг анх хүлээж авахдаа “Би ийм биш шүү дээ, тэд намайг буруу ойлгоод байна” гээд уйлж байсан тохиолдол бий. Их хүнд санагдах үе байсан.

Тэр үед мэргэжил нэгт мундаг ах, эгч нар маань “Битгий тоо. Угаасаа чиний мэргэжил бусдын нүдэнд ил юм чинь, тоох хэрэггүй. Чи хүнд хүрэх ажил хийж байгаа учраас чамайг ингэж бичиж байгаа юм” гэж хэлж, зоригжуулдаг болсон.

 

Тэгээд яваандаа гайгүй болчихдог юм билээ. Одоо бараг өөрөө дүү нартаа тэгж хэлэх гээд байгаа юм биш үү /инээв/. Одоо аливаа асуудалд сэтгэлийн хаттай ханддаг болсон.

 

 

-Өөрөө фейсбүүк ашигладаг уу?

 

-Ашигладаг.

 

 

-Зарим залуу уран бүтээлчид олны танил болоод ирэхээрээ “оддын өвчин”-д нэрвэгдэх асуудалтай тулгардаг. Уг “өвчлөл”-өөс хэрхэн сэргийлж байна даа?

 

-Жүжигчин хүмүүс энэ “өвчин”-г авах нь харьцангуй гайгүй байдаг байх гэж боддог. Миний хувьд хэдэн уран бүтээлд тоглосон гээд биеэ тоох, бусдыг үл тоох асуудал гаргаж байгаагүй. Ааш араншин, харилцааны хувьд хэний ч танихгүй Н.Мөнхсоёлтойгоо, өнөөдрийн залуу жүжигчин Н.Мөнхсоёл адилхан байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

Харин олны нүдэнд ил гарч эхэлсэн учраас олны газар өөрийгөө цэгнэх, биеэ зөв авч явах, өсвөр үе залуучууддаа зөв үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг болсон.

 

Жаахан хүүхдүүд их хөөрхөн “мөрдөгч Гэрэлмаа эгч явж байна” гэдэг. Ард түмэн тоглосон дүрээр маань хайрлаж, хүндэлж байгаа нь надад их сайхан санагддаг.

 

 

-Зарим нас заагаагүй уран бүтээлд архи тамхи, хар тамхи, биеэ үнэлэлт зэргийг товойлгон гаргасан байдаг. Хэдийгээр энэ асуудал амьдралд байдаг ч залуучууд, өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал үзүүлээд байгаа санагддаг. Таны тоглох гэж байгаа кинонд ийм хэсэг гаргавал, найруулагчдаа хандаж “Энэ хэсгийг нь ингэж, эерүүлж гаргая” гэж хэлдэг үү. Хэлэх зориг байдаг уу?

 

-Нийгэмд гэлтгүй, аливаа бүх зүйл сайн муу хоёр талтай. Тийм учраас сөрөг талын асуудлыг ч дэлгэцээр гаргах ёстой гэж би хувьдаа боддог. Сөрөг асуудлыг гаргаж байж, нийгэмд ийм асуудал үүсч байгаа гэж хүмүүс ойлгож, сэрэмжлээсэй гэж хүсдэг.

 

Гэхдээ тамхи татах, муу муухай зүйлийг хэтэрхий ил гаргах зэрэгт найруулагчтайгаа ярилцаад энэ хэсэгт ингэвэл зүгээр биш үү гэж хэлнэ. Иймэрхүү ярилцлага ямар ч уран бүтээл дээр байдаг.

 

-Баярлалаа.

 

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Нара:
Хөхийсөн хүйтэн юм бэ дээ
2015-04-27
Монгол:
Өөрөө...гэж асуудагаа болимоор юм. Ямар гудамжинд, хээр хөдөө байгаа биш. Хүнийг хүндлээд та гээд ярьчихаж чаддаггүй л юм байх даа. Энэ бол сэтгэлгээ нь богино, өөрийгөө хүндлэхгүй байгаагийн л илрэл шүү дээ.
2015-04-27
Erdoo ch sain jijigchin bish.:
Mongolin kino urlag hir doroitsonig Monkhsoyol, Ankmaa, Aldarmaa, geh metiin us bolson heden huuhnuud todorhoildog. Emegteileg bish harin ch budaggyi bol maliichihaad eregteileg sh dee
2015-04-27