”Хамтдаа” удахгүй үзэгчдийн хүртээл болно
2015-04-27

“Т” энтертайментийн анхны уран бүтээл “Хамтдаа” уран сайхны бүрэн хэмжээний олон ангит кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

 

 

Уг киноны зохиолч, найруулагчаар Э.Ариунцэцэг, продессороор П.Мөнхбат ажилласан байна. Киноны гол дүрд СТА Ц.Төмөрхуяг, Э.Ууганбаяр, М.Баярбат, Б.Анхбаяр, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Мөнхсоёл, Э.Намуунаа, Б.Мишээл, Б.Бямбасүрэн нар тогложээ.

 

 

“Хамтдаа” уран сайхны кинонд байгаль дэлхийгээ хайрлах ухаан, амьдралын хамгийн үнэт зүйл болох нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан бөгөөд ухаарал, догдлол, гуниглал, уярал, инээд хөөрийг хослуулан үзүүлэх ажээ.

 

 

Уг кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон тул жүжигчид болон хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлэх уулзалт өнгөрөгч баасан гаригт болсон юм. Энэхүү уулзалтад  Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Хүрэлсүх, тус яамны мэдээллийн албаны дарга асан Ч.Базар, “Геосигналс”, “Арева” зэрэг компаниудын төлөөлөгчид болон киноны нийт уран бутээлчид оролцов.

 

 

Энэ үеэр тус киноны гол дүрийн уран бүтээлчид “Уран бүтээлчдийн хувьд дэлгэцийн олон ангит шинэ уран бүтээл өлгийдөн авч байгаадаа их баяртай байна. Киноны маань зураг авалт бараг нэг жил орчим үргэлжилсэн. Олон ангит кинонд маш олон хүний хүч хөдөлмөр шингэдэг гэдгийг онцолмоор байна. Манай улсад байгаль орчны чиглэлээр хийсэн олон ангит кино бараг байдаггүй. Харин энэ кинонд байгаль орчин, түүний хамгааллын талаар тод томруун үзүүлж байгаа” хэмээн ярьлаа.

 

 

Сонирхуулахад, “Хамтдаа” уран сайхны киноны нэрийг киноны гол дүрдүүдийн нэрний эхний үсгээр нэрлэжээ. Тодруулбал, тус кинонд Хүдэр, Амараа, Магнай, Тамир гэсэн дөрвөн найзын нөхөрлөлийн тухай өгүүлдэг юм байна. Тус кино ирэх тавдугаар сараас цэнхэр дэлгэцээр олны хүртээл болох аж.

 

Э.Ариунцэцэг: Анхны минь уран бүтээл алдаж, онох зүйл олон байлаа

 

Зохиолч, найруулагч Э.Ариунцэцэг “Хамтдаа” уран сайхны киноны зохиолч, найруулагч Э.Ариунцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Юуны өмнө шинэ уран бүтээлээ үзэгч түмэндээ барьж байгаад баяр хүргье. “Хамтдаа” киноныхоо талаар манай уншигдад мэдээлэл өгөхгүй юу?

 

- “Хамтдаа” олон ангит кинонд маань таван найз хамтарч байгаль, экологийнхоо төлөө сэтгэл нэгтэйгээр зорьж, түүнийхээ ард гарч байгааг өгүүлдэг. Би кино зохиолоо бичихдээ эх дэлхий, байгаль экологийнхоо эсрэг буруу үйл ажиллагаа явуулж байгаа компанитай найзууд хэрхэн тэмцэж байгааг харуулахыг зорьсон.

 

 

-Зохиолынхоо санааг хаанаас олсон бэ?

 

-Кино зохиолоо амьдрал дээрээс олсон гэж хэлж болно. Кино зохиол бичих явцад хулгайн мод тээвэрлэлттэй холбоотой асуудал нэг бус удаа гарч байсан. Хулгайн мод бэлтгэлийн газар телевизүүдийг дуудахад газар хол газар учраас очих боломжгүй байдаг байсан.

 

Өнөөдөр улсын хэмжээнд хулгайн мод бэлтгэж, тээвэрлэдэг компаниуд нэлээд хэд бий. Тиймээс тэдний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх үүднээс санаа авч, кино зохиолоо бичиж гаргасан. Ер нь бол заавал байгаль хамгаалагч биш, энгийн иргэн ч байгаль  экологио хэрхэн хамгаалж болох вэ гэдэг талыг бодож зохиолоо бичсэн.

 

 

-Киноны трейллерийг үзэж байхад найз нөхөрлөлийн үнэ цэнийг уг кинонд тусгасан санагдлаа. Энэ талаар ярихгүй юу?

 

-Тийм ээ. Нөхөрлөлийн үнэ цэнийг манай киноноос үзэж болно. Нэг зүйлийн төлөө санаа нэгтэйгээр, нэгнийгээ зовж шаналж байгаа үед найзууд бие биенийхээ төлөө явах ёстой гэдэг санааг давхар гаргасан байгаа.

 

 

-“Хамтдаа” кинонд хичнээн уран бүтээлчид оролцож ажилласан бэ. Кино уран бүтээлийн хийж эхэлсэн зорилго, эцсийн үр дүндээ хүрч чадсан уу?

 

-Ойролцоогоор 100 гаруй уран бүтээлч оролцсон байгаа. Бидний хувьд гол дүрээс гадна туслах дүр, киноны арын алба гээд бүх уран бүтээлчдийн маань хөдөлмөр үнэ цэнэтэй байсан.

 

Учир нь тус кинонд хамтран ажилласан хүн бүрийн сэтгэлд “киноныхоо ард гаръя” гэсэн бодол байсан. Өнөөдөр кино маань дууслаа. Үнэхээр сэтгэгдэл өндөр байна.

 

Анхны минь уран бүтээл алдаж, онох зүйл олон байлаа. Гэхдээ уран бүтээлч хамт олон, найз нөхдийнхөө хүчээр ард нь гарлаа. Кинонд маань залуу уран бүтээлчид ажилласан ч бүгд чадварлаг байсан. Мөн үе үеийн жүжигчид манай кинонд тоглосон байгаа.

 

-Баярлалаа. Дараа дараагийн уран бүтээлд амжилт хүсье.

 

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Tuul:
Amjilt husie. Uzeh iig tesen yadan huleej bna
2015-05-25