Монголын залуучуудын зөвлөл хуралдаж байна
Нийслэлийн иргэний танхимд МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөлд /ҮЗЗ/ нэр дэвшсэн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болж байна. Тэд МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах, залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том нэгдэл аж.
Энэ ч утгаараа сонгуульд салбар салбарын шилдэг гэгдсэн залуус өөрийн нэрийг дэвшүүлсэн юм байна. Тухайлбал, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга С.Эрдэнэболд нэр дэвшжээ.
Мөн Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Хийлч О.Байгаль, “СҮҮ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Энхболд, “Мах импекс” ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, TВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар, МNC телевизийн захирал А.Адилбиш, Powerlifthing-ийн Ази тивийн 4-н удаагийн мөнгөн медальт Ц.Зол-Эрдэнэ, “Болор цом-2013”-ын эзэн, “Өдрийн сонин”-ийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан зэрэг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч, шилдэг залуус нэр дэвшсэн байна.
Өнөөдөр тус зөвлөлийн Анхдугаар хуралдаанаар болж байна. Энэ үеэр ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмыг хэлэлцэж батлах, ҮЗЗ-ийн бүтэц, байнгын хороодод ҮЗЗ-ийн гишүүдийг хувиарлах, Байнгын хороодын дарга нарыг сонгох, хороо тус бүр дээр тогтоол гаргах аж. Мөн “Хар жагсаалт гаргах тухай” журмын төсөл, Үндэсний залуучуудын зөвлөлөөс Уриалга гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг батлах юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ